ХҮН намын нийслэлийн намын хорооны даргын сунгаа өнөөдөр боллоо. Сунгаанд Хотын хөгжлийн эксперт Э.Золзаяа, барилга, хот байгуулалтын чиглэлээр бизнес эрхлэгч Л.Одсүрэн, эдийн засагч Ц.Лут-Очир нар оролцож өөр өөрсдийн хотыг хөгжүүлэх концепц, төлөвлөгөөг танилцуулсан байна. Нэр дэвшигчдийн мэргэжлийн байр суурь, харилцан хүндэтгэлтэй эрүүл мэтгэлцээний үр дүнд Э.Золзаяа олонхийн санал авч, ХҮН намын Нийслэлийн намын хорооны даргаар сонгогдлоо.
Э.Золзаяа нь Нийслэлийн байгаль орчин, уур амьсгалын бодлого, ногоон хөрөнгө оруулалтын чиглэлээр Азийн хөгжлийн банкинд төслийн удирдагчаар, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, ИКЛЕЙ олон улсын хотуудын сүлжээний Монгол дахь зөвлөх, НҮБ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт зөвлөхөөр ажиллаж байжээ.