Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн утаатай тэмцэх нөр их ажлаас чөлөөлөгдөж, хэлэх үгтэй додьгор сууна.
Тэрбээр Орчны бохирдол бууруулах үндэсний хороог татан буулгасан. Нийслэл хотын агаарын бохирдлын асуудлыг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Засаг дарга Х.Нямбаатар хариуцна. Тиймээс энэ талаар надаас биш Хотын даргаас асуу хэмээн нийслэлд хамгийн ихээр тулгамдаж буй, хамгийн их хэл ам дагуулсан асуудлаас өөрийгөө цэвэрхэн авч гаран бусад руу чихэж сууна.
Урд шөнө гэхэд л нэг айлын арав гаруй хүн буюу гурван том хүн долоон хүүхдийн амь сүйдэх шахсан ч азаар шуурхай арга хэмжээ авч чаджээ.
Өглөө босоод л сайжруулсан шахмал түлшинд хордсон гэх эмгэнэлт мэдээндээ бид дасчихвий дээ. Холбогдох албаныхан болохоор битүүмжлэл муу зуухтай учраас угаартсан. Иргэдийн өөрсдийнх нь буруу хэмээн хээвнэг бухна. Сайжруулсан бус муужруулсан шахмал түлш болчихоод байгааг иргэд хэлж, орой унтаад өглөө сэрэх үгүйдээ эргэлзэн айдас хүйдэстэй амьдарч байна. Харин албан тушаалтнууд асуудлыг өөрөөсөө зайлуулж, өдгөө нийслэлийн утаа Хотын дарга Х.Нямбаатарын нуруун дээр ирж байна. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нийслэлчүүд түүхий нүүрснээс салж, шахмал түлш хэрэглэснээр утаа мэдэгдэхүйц буурч, хор хоруу чанар нь ч багассан. Энэ нь өдгөөгийн Ерөнхийлөгчийн Ерөнхий сайд байхдаа хийсэн том ажил, гавъяа хэмээн дулдуйдаж суусан. Харин өдгөө Хотын дарга руу бүхнийг бухаж “Би үхэхээр чи үх” гэгч л болж байна.