Хятадын хойд хэсэгт хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчнөөр өвчлөх тохиолдол нэмэгдэж байгаа нь Ковид-19 тус улсад анх гарч ирснээс хойш дөрвөн жилийн дараа дахин шинэ аюул заналхийлж байна гэсэн таамаглалыг цахим флатформоор дэгдээгээд байна. Гэсэн хэдий ч Хятадын эрх баригчид халдвар нэмэгдэж байгаа нь нийтлэг вирусээс үүдэлтэй бөгөөд өнгөрсөн арванхоёрдугаар сард Ковидийн хатуу хязгаарлалтыг цуцалснаас хойших анхны өвөл учраас ханиад, томууны вирус түгээмэл байна гэж мэдэгдсэн. Нөхцөл байдал бүрэн тодорхойгүй хэвээр байгаа ч шинжээчид эдгээр тохиолдлууд шинэ вирусийн улмаас үүссэн гэж таамаглахад эрт гэж үзэж байна. Шинж тэмдгүүд нь халуурах, ханиалгахгүйгээр уушигны үрэвсэл, уушигны зангилаа буюу уушгинд бөөгнөрөл үүсэж байгаа аж. Нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Лондоны их сургуулийн Франсуа Баллу хэлэхдээ, "Хятад улс дэлхийн бусад улс орнуудаас хамаагүй урт бөгөөд илүү хатуу хөл хориог туулсан тул нийтлэг вирус Хятадад түгээмэл тархаж магадгүй” гэжээ. Их Британийн Зүүн Английн их сургуулийн Пол Хантер "Одоогоор эцсийн оношыг тавихад хэтэрхий бага мэдээлэл байна" гэсэн байна. Тэрбээр "Шинэ төрлийн халдвар байсан бол насанд хүрэгсэд илүү халдвар авах байсан” гэжээ. Австралийн Дикин их сургуулийн Кэтрин Беннетт "Хятадад сургуульд сурч байгаа бага насны хүүхдүүд ердийн эмгэг төрүүлэгчид өртөхгүйгээр удаан хугацаа өнгөрүүлсэн. Тиймээс дархлаа нь нийтлэг вирусийг танихгүй болсон байх магадлалтай" гэжээ.