Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2024 оны нийслэлийн төсвийг НИТХ-д өргөн барьсан бөгөөд нийслэлийн төсвийг энэ жилийнхээс 30 гаруй хувиар тэлж оруулж иржээ. НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар ирэх оны хотын төсвийг хэлэлцэж байна. Энэ үеэр НИТХ дахь ХҮН-ын төлөөлөгчид нийслэлийн татварыг хоёр дахин нэмэгдүүлж байгааг эсэргүүцэн завсарлага авах санал гаргаж, хурал даргалагч хоёр цагийн завсарлага өглөө.
ХҮН- ын төлөөлөгчид хотын татварыг нэмэгдүүлэх асуудлаар нийслэлийн иргэдээс санал авч байж шийдвэрлэх, мөн Хотын дарга Х.Нямбаатар энэ талаараа иргэдэд тайлбарлах ёстой гэсэн шаардлага тавьсан юм.
Нийслэл хотын татвар өдгөө нэг хувь байгаа бөгөөд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр дахин нэмж, хоёр хувь болгохоор оруулж ирсэн байна.
Бүх төрлийн тамхи, согтууруулах ундаанаас нийслэл нэг хувийн татвар авдаг. Мөн баар, ресторан, зочид буудал, амралтын газар, автомашин угаалга, автомашин үйлчилгээ үзүүлэгч болон түүгээр үйлчлүүлэгчдээс нийслэл хотын нэг хувийн татвар авдаг билээ. Тэгвэл хотын татварыг нэмэгдүүлэх өөрчлөлтийг НИТХ-аар баталбал 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр хувийн татвар төлдөг болох нь. Харин ХҮН-ын шаардлагыг Хотын дарга хүлээж авах уу гэдгийг нийслэлчүүд хараа тавин хүлээж байна.