“Ногоон автобус”, газрын асуудлаарх УИХ-ын Хянан шалгах түр хороог байгуулна

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нийслэлийн нийтийн тээвэр, газрын асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах чиглэл өгсөн билээ. Тэгвэл тус хороог УИХ-ын гишүүдээс хэн ахлах нь одоогоор тодорхойгүй байна. “Ногоон автобус”-ны худалдан авалт тойрсон асуудлууд болон нийслэлийн нийтийн тээврийн бугшсан олон хэргийг хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэж, түр хороог шуурхай байгуулж ажиллахыг үүрэг болгохдоо Б.Энхбаяр зэрэг өмнөх Түр хороог ахалж ажилласан туршлагатай гишүүдийг санал болгосон. Мөн нийтийн тээврээс  гадна нийслэлийн газар олголтын асуудлыг хамтатган үзэх ёстой гэсэн юм.  Ямартай ч, УИХ-ын дарга холбогдох байнгын хороонд үүрэг чиглэл өгснөөр "Ногоон автобус", газрын асуудлаар сонсгол хийх эхний алхмыг хийлээ.