Сүүлийн өдрүүдэд нийгэмд дуулиан тарьсан, олны анхааралд өртөх шүүх хурлууд дараалан болж байгаа ч “хаалттай” гэх нэрийн дор хөшигний цаана өрнөж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай эхэлсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгаланг 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан байдаг. Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татан шалгасан юм.
- Цаашлаад “Нүүрсний” гэх тодотголтой “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох шүүх хурал тав дахь хоногтоо мөн л хаалттайгаар хөшигний ард үргэлжилж байна. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт яллаж буй.
-Сүр дуулиантайгаар хилийн чинадаас баривчлан авчирсан Т.Бадамжунайд холбогдох хэргийг ч шүүх хуралдааны эхлэл болон хаалт хэсэгт хэвлэлийнхнийг оруулахаар болж, төрийн нууцтай холбоотой асуудал ярих учраас шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулж өгөх хүсэлтийг өмгөөлөгч нь гаргасан байдаг. УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайг "Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппин улсаас баривчлан авчирсан ба түүнийг 2000-2004 онд Улаанбаатар хотын менежер, 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, мөнгө угаасан хэрэгт буруутгасан юм. Шүүх хэргийг хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэсэн юм.
Буруутгаж буй зүйл заалтыг харвал, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт буруутгасан мөртлөө шүүх хурал хийх болохоор улсын нууцтай холбоотой болчихдог. Энэ мэт арга заль, хуулийн цоорхойг өмгөөлөгчид сурамгай ашиглах нь элбэг.
-Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг шүүх улсын нууцтай холбоотой хэмээн хаалттайгаар хэлэлцэн шийдвэрээ гаргасан. Тухайлбал, шүүхээс шүүгдэгч Ц.Хуланд Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9.6 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Отгонбаатарыг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтрах ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож найман жилийн хорих ялыг тус, тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Ц.Хулан, Б.Отгонбаатар нар ямар хэрэгт буруутгаад байгааг мэдэхгүй байна. Шүүх хуралдааныг нээлттэй хийж өгөөч гэх хүсэлт тавьсан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй юм. Улстөрчид, албан тушаалтнууд муу муухайгаа, идэж ууснаа далдлах гэж шүүх хуралдааныг хаалттай хийхийг хүсдэг бол “Би гэм буруугүй” хэмээж буй зарим шүүгдэгч өөрийг нь ил тод шүүхийг хүсдэг ч шүүх үл зөвшөөрдөг. Ийм жишээ бишгүй. Хамгийн сүүлд гэхэд л “Зариг mn” сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг ямар хэрэгт буруутгаж байгааг ойлгохгүй байна. Шүүх хуралдааныг нийтэд нээлттэй явуулж өгөөч хэмээн хүссээр атал шүүх хаалттай хэлэлцэн цагдан хорих шийдвэр гаргасан. Харин эзэн нь байхад хэрэг нь олддог гэгчээр өдгөө араас нь хэвлэлийнхнийг амралтын өдрөөр ч дуудан хавтаст хэрэг бүрдүүлэх гэж хичээж суугаа.
Хаалттай бүхний цаана зарим шүүгдэгч ял завшдаг бол зарим нь хэлмэгддэг, олон жилийн ял оноодог. Тиймээс дуулиант, олны анхаарлыг татсан хэргүүдийг нээлттэй шүүж, нийгэмд буруу зөвийг ялгаж, салгаж ойлгох сонголтыг нь өгчихөж баймаар.
Хаалттай, нууцлагдмал бүхний цаана хуулиас давсан үйлдэл, ноцтой нотой явдал байдаг нь тодорхой. Тиймдээ ч улстөрчид, албан тушаалтнууд нийгмээс муу муухайгаа, идэж ууснаа далдлах нууцлах гэж шүүх хуралдааныг хаалттай хаалганы цаана хийхийг эрмэлзэх болсон. Шүүгдэгчид ч хаалттай, нээлттэй хуралдаанд хоёр янзаар оролцдог гэдгийг шүүгчид хэлдэг. Хаалттай хаалганы цаана шүүгдэгчид жүжиг тавиад өнгөрөх нь элбэг, харин үнэнтэй эвлэрч буруугаа хүлээх нь цөөн гэдэг. Ямартай ч, хаалттай нэрийн дор хаалганы цаана өрнөж байгаа шүүх хурал эсвэл хэн нэгнийг хэлмэгдүүлнэ, эс бөгөөс найр тавьж, ял завшуулна. Тухайлбал, сүүлийн үед олон тэрбумын авлига, албан тушаалын хэргийн яллагдагч нарт шүүхээс торгуулийн ял оноогоод өнгөрдөг болсныг дурдаж болох юм.