Монголын тэмээн соёл уралдааны холбооны тэргүүн, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж болон тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлдэг тус холбооны зүгээс улсын алдарт уяач цолыг хурдан тэмээ уяж сойдог уяачдад олгох саналыг уламжилж байсан билээ. Өнөөдөр тус санаачилга бодит биеллээ олж Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн Аймгийн тэргүүн уяач Мөнхтуулын Мөнхбаян хурдан тэмээ уяж сойн уралдуулсан амжилтаараа Монгол улсын алдарт уяач хэмээх эрхэм цолыг анхлан хүртлээ. Цолыг өнөөдөр Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байгаа Тэмээчдийн улсын зөвлөгөөний үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар гардууллаа.
Алдарт уяач М.Мөнхбаян нь улсын чанартай тэмээний уралдаанаас 8 түрүү, 2 айраг, аймаг бүсийн чанартай наадмаас 10 түрүү, 4 айраг тус тус хүртсэн амжилт үзүүлсэн байна.
Баянхонгор аймагт болж буй Тэмээчдийн улсын зөвлөгөөнд Өмнөговь аймгаас ХХААГ-ын дарга Ш.Бат-Эрдэнээр ахлуулсан баг хамт олон оролцож байна.