Гандантэгчэнлин хийд аврагчдын хойтын буянд ерөөл хурж байна

Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс хийн түлш ачсан ачааны автомашин, суудлын машинтай шүргэлдсэний улмаас үүссэн томоохон хэмжээний дэлбэрэлт ослын хохиролд эмгэнэлд илэрхийлж, дараах мэдээллийг гаргалаа. Тодруулбал, "Нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн орчимд гарсан аймшигт ослын улмаас албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь эрсэдсэн НОБГ-ын гал сөнөөгчдийн гэр бүл, найз нөхөд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье. Энэхүү харамсалтай үйл явдалд амь насаа алдсан талийгаачдын хойтын буянд Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд ерөөл хуран залбирч байна. Мөн олон иргэн сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсонд гүнээ харамсаж, ослын улмаас хохирсон ард иргэдийг бурхан шүтээндээ даатган залбирч байна.

Ариун сайн явдлын ерөөл буянаа зориулж

Агуу дээд буян хураасны үрээр

Аюулт зовлонд автсан хамаг амьтан

Авралт гурван эрдэнийн ивээлд багтах болтугай.