Дүнжингаравын уулзарт болсон дэлбэрэлтэд Онцгой байдлын гурван алба хаагч амиа алдсан харамсалтай явдал нийгэмд цочроо өгч, аврагчид маань ер нь ямархан нөхцөлд хэрхэн ажилладаг, зориулалтын хувцас хэрэглэл, багаж тоног төхөөрөмжөөр хангаж чаддаг эсэх гэдэг асуудал нийгмийн анхааралд дахин орж эхлэхтэй зэрэгцэн ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Алба хаагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс галын нөмрөг, утаат нөхцөлөөс хамгаалах тусгай зориулалтын баг, амьсгалын бие даасан төхөөрөмж гэх мэтчилэн нэн шаардлагатай бас өндөр үнэтэй ийм тоног төхөөрөмжөөр бүрэн дүүрэн хангаагүй. Аврагчдын дөрөвний нэгд л зориулалтын хувцас хэрэглэл бий хэмээн мэдэгдсэн нь гал дээр тос хийсэнтэй адил боллоо. Энэ нь дөрвөн алба хаагчийн нэг нь л зориулалтын хувцас хэрэгсэлтэйгээр гал ус руу ордог бол гурав нь амиараа дэнчин тавьдаг” гэсэн үг болж таарч байна. Ийнхүү “Дөрвөн алба хаагч дундаа нэг хувцастай” хэмээн ярьсан нь олны дургүйцлийг дээд цэгт нь хүргэж, эцэстээ онцгойгийн алба хаагчдаа хувцаслах, хэрэгцээт багаж, тоног төхөөрөмж хорт утааны багаар хангах хандивын аян зохион байгуулах тухай ч хөндөгдөж эхлээд байна. Бүхэл бүтэн улсын чухал салбарыг толгойлж суугаа хошууч генерал Г.Ариунбуян “Уг нь ч эхний удаад 35 тэрбум байвал алба хаагчдаа хэрэгцээт зүйлсээр нь хангачихна” хэмээн гонгинож суух нь дэндүү арчаагүйнх, сэтгэлгүйнх гэлтэй. Саяхан, шинэ жилийн гацуурын гэрлээс гал авалцан долоон хүний амь эрдсэн харамсалтай явдал болсон. Энэ үеэр залуухан аврагч утаанд угаартан амиа алдсаныг “Аврагч хамгаалалтын багаа өмсөх зууртаа утаа залгисан байсан” хэмээн буруутгаад өнгөрсөн билээ.
Аврагчдын ар гэр: Хоол гэж үнэхээр муу. Толгой цувдайгаар хооллоно. Хоолоо шарах тос байхгүй. Гэрээсээ ээлжээр авчирна. Анги тохижилтын мөнгийг сар бүр цалингаас нь хураана
Ийн ослын дараагаас аврагчдын гэргий нар “Ард түмний эгэлгүй эрэлхэг залуус” хэмээн өргөмжлөөд байгаа аврагчид бодит байдалд яажшуухан амьдардаг талаар дуугарч эхэллээ. Тухайлбал,
- “Гараатай өдрөө хоол нь муу. толгой цувдайгаар хооллоно. Хоолоо шарах тос байхгүй. Гэрээсээ ээлжээр авчирна. Хоолны чанар яривал тушаал уншина, анги тохижилтын мөнгийг сар бүр цалингаас нь хураана, тэр нь хог ачуулах, цонх шиллэх гээд байгууллагын өнгө үзэмжид зарцуулдаг гэх. Мэдээж хэл ам гаргавал мөн л тушаал уншина, фэйсбүүк хаягийг нь хянана, хурал болгон дээр загнуулна, зануулна гээд дарамт, шахалт их гэлээ.
- Үнэндээ л хангамж байдаггүй, хэцүү шүү дээ Энэ жил гэхэд л өвлийн гуталны хангалтаа бүх хүндээ өгөөгүй дутуу ирсэн. Манай хүн зуны израйлтайгаа өвөлжиж байгаа. Төсвийн хэмнэлт гээд ээлжид хонохдоо иддэг хоолноос нь хүртэл танасан байна билээ. Яриад байвал хэцүү хэцүү. Цалин бага мөртлөө анги тохижилт гэх мэт зүйлст мөнгө татдаг. Дуугарах гэхээр дуугарсан хүнийг нь дуугуй болгодог хэмээн учирлалаа.
Говь”-ийнхон иргэдээс цугларсан хандивын тэрбум төгрөгийг тоног төхөөрөмж ав хэмээн ОБЕГ-т өгч байв
Онцгой байдлын байгууллагын өөрийнх нь статус бол тангараг өргөсөн төрийн алба. Үгүй гэж хэлэх эрхгүй, амь насаа эрсдэлд оруулаад "мэдлээ гүйцэтгэе" гээд үүргээ гүйцэтгэдэг алба. Энэ албаны онцлогийг дурдвал маш их зүйл бий. Аюул, осолтой нүүр тулдаг ч хэзээ ч шантарч байгаагүйг бахдмаар.
- Говь үйлдвэр 2017 оны зун шатахад онцгойгийнхон галыг унтраахын төлөө 40 гаруй цаг тэмцсэн. Хамгийн гол нь тийм том хэмжээний, өргөн хүрээний галыг унтраах тоног төхөөрөмж бүхэл бүтэн улсад байгаагүй юм. Арга ядаад Говь компанийнхан ард түмнээс цугласан тэрбум гаруй төгрөгийн хандивыг ОБЕГ-т тоног төхөөрөмжөө сайжруул хэмээн шууд өгч байлаа.
Найман метрийн хүйтэн, лаг шавартай усны гүн рүү аврагчид ороод гарч ирэхэд биеийг нь спиртээр арчаад буцаад оруулах жишээтэй
- Архангай аймгийн Өгий нуурт 20 албан хаагч гүний шумбалт хийхдээ 20 албан хаагч дөрвөн хувцсыг дундаа ээлжлэн хэрэглэж байсан.
- Отгонтэнгэр уулсын цасны нуранги болсон өвлийн хүйтэн үед тэр олон хүний амь нас эрсдэлд орсон. Хүний амь аврахын тулд 3000 метрийн өндөрт Онцгой байдлын албаныхан л ажиллаж байсан. Заамарын уурхайн нуранги болоход бас л хүний амь нас аврахаар тэр хүйтэн, лаг шавартай усны гүн рүү найман метрийн гүнд Онцгой байдлын алба хаагчид л шумбасан. Алба хаагчид шумбалтаасаа гарч ирэхэд биеийг нь спиртээр арчаад дахин шумбалтаа үргэлжлүүлдэг байсан гэх мэт зүрх өвтгөм жишээ олон.
Онцгойнхны хувцас хэрэгсэл 37-40 хувийн хангалттай
Хүний амь, эд хөрөнгийг өөрсдийн биеэс ч илүүд үзэж, өдөр шөнөгүй бэлэн байдалд зэрэглэн ажилладаг онцгойгийнхонд ажиллах хүчнээс гадна хувцас хэрэглэл, ахуй хангамж ч огт хүрэлцээгүй. Гал, ус, гамшигтай гар нүцгэн тэмцдэг онцгойгийнхны хувцас хэрэглэл 37-40 хувь, техник хэрэгсэл 26-28 хувийн хангалттай гэдэг үнэхээр байж боломгүй үзүүлэлт. Харьцангуй амар тайван улс тулдаа л онцгой байдлынхан "гал алдахгүй" өдийг хүрсэн байх.
10 жилийн өмнө өндөр барилгад гарсан галыг унтраахад ашиглах шат, техник хэрэгсэл байхгүйг "Шангри ла"-д гарсан гал түймэр илчилж байв. Тухайн үед есөн давхраас дээш гарсан галыг аврагчид шатаар ус зөөж, хүний хүчээр л унтраасныг онцгой байдлынхан хэлж байлаа.
Манай улсад одоогийн байдлаар есөн давхар хүртэлх барилгын гал түймэрт ашиглах гуравхан шат бий.Түүнээс дээш давхарт гал гарвал унтраах боломжгүй гэсэн үг. Аврагчид нь хорт хийн баггүй, хужаа гуталтай нүцгэн шахуу явахад удирдлагууд нь хувцсандаа багтаж ядан чихэлдэн явдаг нь нууц биш. Аврагчид нь мөстсөн хувцастай чичирч зогсоход хажууд нь баян тарган дарга нь ихэмсэг зогсох. Даанч харьцуулалшгүй эмгэнэлт дүр төрх
Амиа алдсан хойно нь “Алба хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж баатарлагаар ” хэмээн хэдийг хүртэл уянгалах вэ?
Гал гамшиг, ган зуд, үер ус гээд хамгийн түрүүн үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдын хувьд монгол төрийн төлөө зүтгэх тангараг өргөсөн учраас энэ үүргээ нэр төртэй биелүүлэх гэж өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэдэг. Гэхдээ нөгөө талаасаа алба хаагчдын нийгмийн баталгааг хангах асуудал хэдийнэ орхигдсон. Дэлхийн 198 орны гамшгийн эрсдэлийн индексийг авч үзэхэд Монгол Улс 151 дүгээр байрт явж байна. Тиймээс энэ бүхнийг хэчнээн жил ярих вэ. Онцгой байдлын аврагчдыг хэрэгцээт тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ядаж л галын нөмрөг, утаанаас хамгаалах тусгай багаар хангаж чадаагүй, Дүнжингаравын ослоор алба хаагчдаа чиглүүлэн заавар, зөвлөмжөөр хангаж ажиллаагүйгээс гурван алба хаагчийн эрдэнэт амь эрсдсэн хариуцлагыг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян та үүрэх учиртай. Эрчилсэн улаан гал руу утаанаас ч хамгаалах баггүй аврагчдаа оруулчихаад амь алдсан хойно нь “Алба хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж баатарлагаар ” хэмээн хэдийг хүртэл уянгалж суух вэ. Тэгээд ч алийн болгон хэдэн төгрөг, орон сууцаар аргалж өнгөрүүлэх вэ.
Орон сууц, хэдэн төгрөг өгөөд л асуудлыг хаадаг, замхруулдаг байж болохгүй ээ. Одоо боллоо, харин хариуцлагыг бодитоор тооцдог баймаар байна.