Дэлхийн иргэдийн 60 хувь буюу 4,7 тэрбум гаруй хүн амтай, Европ тивээс 5 дахин том 45 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай, тусгаар тогтносон 50 улс оронтой, өндөр хурдаар хөгжиж буй 41,36 их наяд долларын эдийн засагтай, 2300 хэлээр ярилцдаг Ази тивийн улс төрийн залуу манлайлагчид Улаанбаатар хотод чууллаа.
24 настай Парламентын гишүүн, 29 настай засгийн газрын сайд тэргүүтэй 15 орны 18 намын төлөөлөл буюу өөр өөрийн орондоо улс төрд нөлөө бүхий залуус “Залуу парламентчдад ТИЙМ гэж хэлцгээе” хэмээн нэгдлээ.
Орчин цагийн хөгжил дэвшлийн цөм, суурь буюу технологи, хиймэл оюун ухаан, цахим шилжилтийг илүү мэдэрч, илүү үр дүнтэй, ухаалаг ашиглаж чадах хүч залууст л бий. Тиймээс аль орон залуусыг илүү дэмжинэ тэр чинээгээр хөгжил дэвшилтэй хөл нийлүүлнэ.
Ази тивийн залуусыг дэмжих “Улаанбаатарын тунхаг”
Ази номхон далайн 52 орны 352 улс төрийн намыг үзэл баримтлал үл харгалзан нэгтгэж энх тайван, тогтвортой хөгжил, хамтын нийгмийн төлөө чиглүүлдэг ICAPP-ын дэргэдэх залуусын байгууллагыг Ням-Осорын Учрал удирдаж байгаа. Тиймээс эх орондоо дэлхийн 14 орны 800 гаруй залуу улс төрчдийн дуу хоолойг нэгтгэн чуулж үр дүнд нь Ази тивийн залуус аль нэг нам гэж талцахгүй, хамтран ажиллах, улс төрд эзлэх залуусын байр суурийг нэмэгдүүлэхэд нэгнээ дэмжих агуулга бүхий “Улаанбаатарын тунхаглал”-ыг баталсан юм.
Улс төр яаж халсан ч улс оронд хэрэгтэй зөв шийдэлд залуус нэгдэх л хэрэгтэй.
Энэ онд дэлхийн 64 орон буюу дэлхийн хүн амын тал нь улс төрийн сонгуультай. Манай улс ч шинэ тогтолцоогоор ширүүхэн сонгууль хийнэ. Улс төр яаж халлаа ч улс оронд хэрэгтэй зөв шийдэл дээр залуус нам харгалзахгүй нэгдэх хэрэгтэйг ICAPP-ын залуусын байгууллагыг удирдагч Н.Учрал хэлсэн үгэндээ онцлов. Залуу улс төрчдийн хуралд МАН, АН, ХҮН-ын залуу лидерүүд хамтран оролцсон нь залуусын улс төрийн оролцоог дэмжихэд нэгдмэл байр суурьтай байгааг илтгэж байна.