Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 2018 оны нэгдүгээр сарын 24-ний хурлаар "100 айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах" тогтоол гарч, улмаар тус захыг гурван үе шаттайгаар нүүлгэхээр болсон. Нийслэлийн төв цэгээс 1.5 км зайд байрлах 100 айлын барилгын материалын зах нь замын түгжрэл, орчны бохирдол, иргэдийн ая тухтай аюулгүй амьдрах болон суралцах эрхийг зөрчсөөр ирсэн гэж үзэн нүүлгэн шилжүүлэх ажлыг 2018-2022 он хүртэл шат дараатай хэрэгжүүлнэ гэж байв.
Гэвч энэ ажил тэгсхийгээд замхарсан. Нүүлгэх ажлыг шат дараатай хэрэгжүүлэх энэ ажил 2018- 2022 он хүртэл үргэлжилж, 2022 он гэхэд Налайхын аж үйлдвэр, технологийн паркын асуудал жигдэрсэн байна гэж байв. Гэвч өнөөдөр байдал бахь байдгаараа. 100 айл түм түжигнэж бум бужигнасан хэвээр л байна.
Энэ бүхний дараа буюу 2019 онд 100 айл буюу төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх талаар судлах ажлын хэсгийг дахин байгуулж, ажлын хэсэгт нийслэлийн төр захиргааны 15 байгууллагын төлөөлөл багтсан ба ИТХ-ын төлөөлөгч Г.Төгөлдөр ахалж, 100 айлыг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” руу нүүлгэхээр болсон юм. Эхний ээлжид цемент, арматур төмрийн худалдаа эрхэлдэг томоохон худалдааны төв, захуудыг нүүлгэх боломжтойг хэлж байв. Энэ удаад ч 100 айлын барилгын захыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн сураг алдарсан ч шинэ ажлын хэсгийг 2021 онд дахин байгуулж байв.
2018 оноос хойш 100 айлыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийг ийнхүү удаа дараа байгуулсан ч ажил хэрэг болоогүй. Харин өдгөө Х.Нямбаатарын үед ч энэ асуудлыг дахин сөхөж, 100 айлын барилгын захыг Барилгачин зах руу нүүлгэхээр болж, ажлын хэсэг байгуулжээ. Үе үеийн Засаг дарга нар энэ ажлыг ярьж, ажлын хэсэг байуулж, зураг төслийг гаргаж, нийслэлийн төсөвт хөрөнгийг тусгадаг ч тэгсхийгээд замхардаг. Энэ удаад Х.Нямбаатар Засаг даргын үед ажил хэрэг болгон нүүлгэн шилжүүлж чадах эсэхийг харах л үлдлээ.