Монгол Улсын онцлогт нийцсэн Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгох зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөр хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллагатай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажиллаж байна.
Дээрх гэрээний ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөл 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтыг нээж Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал хоёр талаас хийгдэж буй ажлын талаар мэдээлэл өглөө. Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын зүгээс үзүүлж буй зөвлөх үйлчилгээний эхний 2 сарын тайлан, Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төслийн гол үзэл баримтлалын талаар өгч буй зөвлөмж, саналаа тайлбарлаж, харилцан санал солилцлоо.
Уулзалтад Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал, мэргэжилтэн Ж.Цогзолмаа, дотоодын хуулийн зөвлөх Д.Лхамжав, орчуулагч Г.Бат-Орших, актуарч С.Оюун, Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын Дэд захирал Лим Чи Киа нар оролцлоо. Мөн НҮБХХ-ийн гэрээт актуарч С.Оюун Хуримтлалын нэгдсэн сангийн дунд болон урт хугацааны орлогын тооцооллыг хийж танилцууллаа.