Эрүүгийн хэргээр 14192 хүнд ял ногдуулсны 8360 хувьд торгох, 16 хувьд хорих, 11 хувь нь зорчих эрхээ хязгаарлуулжээ

Шүүхийн ерөнхий зөвлөл/ШЕЗ/-өөс шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.


ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөн хариуцсан хэлтсийн дарга Ч.ХАНДДУЛАМ:

-Монгол Улсын шүүх нийтдээ 113,294 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн. Үүнээс 106.3 мянган хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн ба үүнээс зөрчлийн хэрэг 8.1 хувиар, иргэний хэрэг 9.1 хувиар, захиргааны хэрэг 11.5 хувиар тус, тус өссөн. Мөн 1125 хүнийг хорих ял эдлэх хугацааны өмнө сулласан бол  2173 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Давж заалдах шатны шүүхээр 6784 хэрэг хянан шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг 4,3, захиргааны хэрэг 5.3 хувиар буурсан бол зөрчлийн хэрэг 12, иргэний хэрэг 1,9 хувиар өссөн. Хяналтын шатны шүүхээр 497 хэрэг маргааныг шийдвэрлэснээс эрүүгийн хэрэг 12.7, иргэний хэрэг 29.9, захиргааны хэрэг 5.6 хувиар өссөн.

Мөн 49.6 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдэрлэсэн. Улсын тэмдэгтийн хураамжаар 17.8 тэрбум, торгох ял шийтгэлээр 15.1 тэрбум, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авсан 15.7 тэрбум, зөрчлийн хэрэгт 854 сая төгрөгийн шийтгэл оногдуулсан.

Эрүүгийн хэргийн шүүхийн хувьд анхан шатны шүүхээр хянан шийдэрлэсэн 13977 хэргийн 15.8 хувь нь Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн.  Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийн 84 хувийг талууд хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.

Эрүүгийн хэргийг төрлөөр авч үзвэл 13977 хэргийн 42 хувь нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэмтэл учруулсан, 10 хувь нь хулгайлах, 8 хувь нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн хэрэг маргаан эзэлсэн. Авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын журам зөрчих хэрэг 0.9 хувиар, кибер аюулгүй байдлын хэрэг 10 хэргээр, гэр бүлийн хүчирийлэлтэй холбоотой хэрэг хоёроор өссөн.

Эрүүгийн хэргээр 14,192 хүнд ял шийтгэл оногдуулсан. 8360 нь торгох ял, 16 хувь нь хорих, 11 хувь нь зорчих эрхээ хязгаарлуулах ял шийтгэлээр шийтгүүлсэн. Гэмт хэргийн улмаас 20674 хүн хохирсон бол 663 төрийн болон хувийн хэвшлийн компани хохирсон. Мөн 153.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол, 454 хүний амь нас хохирч, 8425 хүний эрүүл мэндэд хохирол учирсан үзүүлэлт гарсан.

Авлигын 283 хэрэг хянан шийдвэрлэх байснаас 187 хэргийг шийдвэрлэсэн. 167 нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийн 4,9 хувь буюу 3110 нь давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдэж байна.

Анхан шатны шүүхийн 95 хувийг талууд хүлээн зөвшөөрч байна. Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн 7.8 хувь нь хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн байна.

Иргэний хэргийн хувьд өмнөх онтой харьцуулахад зээлийн гэрээтэй маргаантай холбоотой хэрэг 19.9 хувиар өсөн бол банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлтэй холбоотой маргаан хэрэг 45 хувиар өссөн. Гэр бүлийн маргаантай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа  5.6 хувиар буурсан үзүүлэлт гарлаа гэв.