Вьетнам руу пүрэв гарагаас визгүй зорчино

Вьетнам улс руу дипломат, албан болон энгийн гадаад паспорттой монгол иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих хэлэлцээрийг 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс мөрдөж эхэлнэ.

Тус улсад зорчиход анхаарах зүйлс:

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаагаа шалгах
  • Гадаад паспорт нь визийн тамга дарах хоёроос доошгүй хуудастай байх
  • Аяллын хоёр талын тийз бичүүлсэн байх
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад байх хугацаагаа паспорт дээрээсээ нягтлан шалгаж, тухайн хугацаанд буцаж гарах, хууль тогтоомж, дүрэм журмыг нь сахиж мөрдөх
  • Хилээр нэтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг биедээ болон ачаа тээшиндээ авч явахгүй байх
  • Хилээр 5000-аас дээш ам.доллар бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх бусад гадаад валют авч яваа бол энэ талаар гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх (хэрэв гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй бол гаалийн хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн, торгууль ногдуулдаг болохыг анхаарна уу)
  • Зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хэн нэгний гуйлт, ятгалгаар бусдын ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байх
  • Иргэд хэрвээ Вьетнам улсад 30-аас дээш хоногийн хугацаагаар зорчих бол зохих ангиллын виз авах ёстой юм байна.