Нөөцийн махыг өнөөдрөөс есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж эхэлсэн. Гэвч худалдаанд гарсан анхны өдрөө л шүүмжлэлд өртөж эхэллээ.
Тухайлбал, энэ жилийн хувьд үхрийн мах нэг килограмм нь 11,350, хонины мах 8,900, ямааны мах 6,700 төгрөгөөр борлуулж буй. Өнгөрсөн онд нөөцийн үхрийн мах нэг кг нь 10,700, хониных 8,600, ямааных 6,400 төгрөгөөр зарж байсан юм.
Түүнчлэн үхэр, хонины махыг жижиглэнгээр борлуулах бол ямааны махыг өргөтгөсөн худалдаагаар гулуузаар нь борлуулах аж. Энэ жилийн хувьд нөөцийн мах үнэтэйгээс гадна яс ихтэй. Савласан байхыг нь харахад овоо махтай мэт харагдавч яг үнэн чанартаа том том булууны яс ихтэй. Тиймээс 2-3 мянган төгрөг нэмээд худалдааны зах, дэлгүүрээс өөрсдөө шилээд авсан нь дээр гэдгийг иргэд хэлж байна. Жилийн жилд нөөцийн махны худалдааг явуулдаг ч дээрдсэн зүйлгүй. Иргэдийн хэрэгцээг хангаж чадахгүй байна. Тухайлбал, Баянзүрх худалдааны төвд үхрийн мах кг нь 13 мянган төгрөг. Гэтэл нөөцийн мах үнэ хямд гэсэн атлаа 2000 төгрөгийн л зөрүүтэй. Тиймээс иргэд нөөцийн мах нэртэй үнэтэй булууны яс худалдан авах уу, эс бөгөөс захаас шилээд авах уу гэдэг сонголттой тулж байна.
Борлуулалтын цэгүүдийн байршлын мэдээллийг хүргэх болно хэмээн УБЗАА-наас мэдээллээ.
Агро нэгтгэл трейд ХХК, Мах импекс ХК, ХКҮ ХХК, И Эн Пи ХХК, Чойбалсан групп ХХК, Стандарт мах ХХК, Булган мах маркет ХХК-ууд нийт 6,337 тонн махыг нөөцөлжээ.