Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийг баталжээ

Олон улсын эмч нарын өдөрт зориулсан “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн арга хэмжээ болж өнгөрлөө. Нийслэл, аймаг, дүүргийн харьяа төр болон хувийн хэвшлийн байгууллагуудаас нийт 2500 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл уг арга хэмжээнд оролцжээ.

Олон улсын эмч нарын өдөрт зориулсан уг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль”-ийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Бейсен нарын хамт Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт гардуулан өгсөн юм. Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгож, бүх нийтээр эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэн, эрсдэлт хүчин зүйлсийг арилгахын тулд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах, удирдах, санхүүжүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг уг хуулиар зохицуулах аж. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хууль нь ирэх сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм .

Тус арга хэмжээний үеэр эрүүл мэндийн салбарт тогтолцооны өөрчлөлтийг эхлүүлэхийн тулд хамтын санал, санаачилгад тулгуурлан хэрэгжүүлж буй зарим бодлогын шийдвэрүүдээс дурдлаа. Монгол Улсын хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин буюу сэргийлж болох өвчлөл, нас баралт эзэлж байгаа бөгөөд иргэд өөрсдөө урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь чухал гэдгийг тодотгосон юм. Түүнчлэн манай улсын 15-69 насны 3 хүн тутмын 1 нь, 45-69 насны 2 хүн тутмын 1 нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй, эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс даруй 10 шахам жилээр бага байгаа энэ цаг үед Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийг баталсан нь нэн ач холбогдолтой хэмээв.

У.Цогжавхлан