Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд энэ оны нэгдүгээр сард гарсан галын хэргийг шалгах ажлын хэсгийг Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан.
Ажлын хэсгийг байгуулснаас хойш галын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, гал гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээг тогтоохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Энэ хүрээнд 250 гаруй хүнээс мэдүүлэг авч, зургаан төрлийн 62 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 58 дүгнэлтийг гаргуулан, эд зүйл, хөрөнгийн үнэлгээг тогтоожээ.
Галын улмаас онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хөнгөн, хүнд гэмтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирсан. Одоогоор гудамж талбай, зам байгууламж, тээврийн хэрэгсэл, сургууль, оффис, аж ахуйн нэгжид 1.8 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан гэдгийг тогтоогдоод байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх