Эмийн үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагуудын хамаарлыг судалж байна. Шинжээч эрүүл мэндийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын эмийн салбар дахь хамаарал бүхий ААН-үүдийн мэдээллийг танилцуулсан юм.
Энэ үеэр шинжээч Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа эмийн үйлдвэрийн 50 хувь, эм ханган нийлүүлэх байгууллагын 28 хувь, эмийн сангийн 17 хувь нь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны хамаарал бүхий ААН-үүд байна гэдгийг хэлээд төрийн байгууллага бүрээр хамаарлыг танилцуулсан юм.
Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын давхардсан тоогоор 93 албан тушаалтныг хамруулахад 61.2 хувь нь буюу 57 нь /давхардсан тоогоор/ эмийн салбарт хамаарал бүхий ААН-тэй гэж гарсан талаар шинжээч танилцуулсан. Түүнчлэн ЭМЯ 97 хувь, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл 100 хувь, ЭМДЕГ 63 хувь, Эмийн үнийн зөвлөл 70 хувийн хамааралтай гэж гарчээ. Тодруулбал, энэ салбарын яам, Тамгын газрын албан тушаалтнуудын дийлэнх эмийн бизнестэй гэж ойлгож болохоор аж.