Үндэсний статистикийн хорооноос 2023 онд гадаадын 15 улсад суугаа 18-51 насны 1865 хүнээс судалгаа авахад 18-23 насныхан суралцах, 30-50 насныхан ажил хийхээр ирсэн гэсэн бөгөөд 70 гаруй хувь нь магистр, докторын зэрэгтэй байжээ. Ихэнх нь тэндээ хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан үйлдвэрлэл, барилга, гар урлал, ажил, үйлчилгээний ажилтнаар ажиллаж байгаа гэжээ. .
Тэгвэл эдгээр иргэнийг эх оронд нь авчрах "ЗӨГИЙН ҮҮР-2" хөтөлбөрийг 2024 онд дахин эхлүүлэхээр болсон юм. Энэ талаар хилийн чинад дахь монголчуудын зөвлөл НҮТББ-ын дэд тэргүүн А.Долгион "Зөгийн үүр-1 хөтөлбөрийг Засгийн газраас 2012 онд хэрэгжүүлж байсан. Үр дүнгийн хувьд санасан хэмжээнд хүрч, амжилттай болж чадаагүй ч олон залуус эх орондоо ирсэн. Энэ жил уг хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр тохирсон. Холбогдох яамд тамгын газрууд "Зөгийн үүр-2" хөтөлбөрийн ажлын хэсэгт орсон. Хөтөлбөрийг Гадаад харилцааны яам ахалж, удирдаж байгаа. Зөгий балаа цуглуулаад үүрэндээ заавал буцаж ирдэгтэй адилтган хөтөлбөрт уг нэрийг өгсөн. Тэгэхээр гадагшаа явсан зөгийнүүдээ буцаад эх оронд нь балтай нь хамт авчрах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Үүний тулд төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд хамтраад тодорхой ойлголтыг иргэдэд өгөх нь чухал".
Түүнчлэн Монголдоо буцаж ирсэн залуусыг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах, ажилд зуучлах, бизнес хийх орчныг бүрдүүлэх ёстой. Тухайлбал, бага хүүтэй зээл олгож, бизнесийн орчинд хөнгөлөлт үзүүнэ.
Мөн татварын бодлогоор эхний 2-3 жилд бизнес нь хөл дээрээ бостол улсаас дэмжих. Нөгөө талдаа гадаадын хөрөнгө оруулалтыг авчирч Монголд компани байгуулбал визийн асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж байгаа гэлээ.