Сүүн шүд байнгын шүднээс илүү арчилгаа шаарддаг

Сүүн шүд нь хүүхдийг 6-9 сартайгаас 2 нас хүртэл ургадаг. Энэ үедээ нийт 20 шүдтэй болсон байдаг.

Зарим эцэг эхчүүд сүүн шүдийг “солигддог шүд” учраас арчлах шаардлагагүй гэж үздэг.
Гэтэл сүүн шүд нь байнгын шүднээс ч илүүтэйгээр арчилгаа шаарддаг. Сүүн шүд эрдэсжилт бага, паалан нимгэхэн байдаг тул цоорохдоо (хорхойтохдоо) амархан байдаг.

Хүүхдийг 5-7 настайд нь эхний байнгын шүд (ясан шүд) ургаж эхлэх ба цаашид 13 нас хүртэл нь солигдож эхэлнэ. Энэ үед нь онцгой анхаарах хэрэгтэй. Учир нь хүмүүс сүүн шүд унаж байж л ясан шүд гардаг гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг бөгөөд 5-7 настай үед  хамгийн хойд талд нь насан туршид байх хамгийн чухал шүд болох Их Араа шүд ургасан байдаг. Энэ шүдийг солигдох шүд хэмээн тоомжиргүй хандсанаас (энэ үед хүүхдийн шүд 21-24 болсон байна) эрт цоорч, улмаар авагдах хүртлээ хүндэрсэн байдал манайд элбэг тохиолдож байна.
Харин шүд солигдох үеэс нь эхлэн хүүхдийг фтортой оогоор угаалгаж эхлэх бөгөөд энэ үеэс эхлэн нэмэлтээр эрдэсжүүлэх эм, бэлдмэлүүдийг тогтмол өгч байх хэрэгтэй юм.

  • Хорхойтсон сүүн шүд маш хүчтэй өвддөг.
  • Хорхойтсон сүүн шүд нь байнгын шүднийхээ ургалтыг гэмтээж болно.
  • Хорхойтсон сүүн шүдийг авахад араанууд урагшаа түрж, байнгын шүд ургах зайгүй болдог тул байнгын шүд буруу гажиг байрлалтай, давхар ургах зэргээр гагжиг үүсгэх нөхцөл болдог.
  • Хорхойтсон сүүн шүдэнд их хэмжээний нян агуулагдах бөгөөд шинээр ургах ясан шүд болон ойролцоо шүднүүддээ халдвар дамжуулж цооруулдаг.