Дэлхийн эдийн засгийн форумаас бэлтгэн хүргэдэг “Жендэрийн ялгаатай байдлын индекс” 2023 онд 68.4%-тай гарсан бөгөөд энэ үзүүлэлт нь өндөр байх тусмаа жендэрийн тэгш байдал сайн буюу эерэг гэж үздэг байна. Судалгаанд хамруулсан 146 орны дунджаар эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засаг дахь оролцоо хамгийн бага байгаа бөгөөд үүнээс эдийн засгийн оролцоотой байдал гэдэгт эдийн засагт хувь нэмэр оруулах, бизнес эрхлэх, ажил хөдөлмөр эрхлэх зэрэг эдийн засгийн эргэлтэд оролцож буй бүх үйлдлийг хамруулж ойлгоно.
Дээрх үр дүнгээс жендэрийн тэгш байдлыг хангахын тулд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт тэр дундаа удирдах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийг дэмжих, тэдний эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг харж болно.
Дэлхий даяарх нийт хөдөлмөр эрхлэгчдийн 40%-ийг, бизнес эрхлэгчдийн 39.9%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Эх сурвалж: www.statista.com
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан тохирлын тэмдэгт олон улсад
Сүүлийн жилүүдэд олон улсад эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд тэдний хүргэж буй ажил үйлчилгээний ялгарлыг бий болгох тусгай шошго буюу тохирлын тэмдэгтийг хэрэглээнд нэвтрүүлэн ашиглах болжээ. Тохирлын тэмдэгтийг ашиглах хамгийн гол шалгуур нь хувьцаа эзэмшигч болон удирдах албан тушаалтны 51 ба түүнээс дээш хувь нь эмэгтэйчүүд байна гэж заасан байдаг.
Энэхүү тохирлын тэмдэгт нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох замаар бизнесийг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд тулгарч буй зах зээлийн саад бэрхшээлийг арилгах, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулах, олон улсад гаргах үүргийг гүйцэтгэдэг. Үүнээс гадна тохирлын тэмдэгт нь тухайн бүтээгдэхүүн үйлчилгээ нь тодорхой стандарт, журамд нийцэж байгааг давхар илтгэх тул бизнесийг урт хугацаанд, тогтвортой үргэлжлүүлэхэд дэмжлэг болно.
Олон улсын хэмжээнд хэрэглээнд нэвтэрч буй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг онцлох тохирлын тэмдэгтийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд тохирлын тэмдэгтийг бүтээгдэхүүн үйлчилгээндээ ашигласнаар дараах боломжуудыг олж авдаг.
Хүрээгээ тэлэх
Олон улсад зөвхөн тохирлын тэмдэгтийг ашигладаг бизнесүүдийн нэгдсэн холбоо гэж байх ба тус холбооны гишүүн байгууллагууд хоорондоо хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой байдаг. Мөн зарим улсын төрийн байгууллагууд шошгыг хэрэглэдэг бизнесүүдтэй тусгай нөхцөлтэй гэрээ байгуулж санхүүжилт олгох, төсөл хөтөлбөрүүдэд хамруулах зэргээр давуу талуудыг олгодог. Үүнээс гадна тохирлын тэмдэгт авсан бизнесүүд нь корпорейт байгууллагуудын supply chain дата баазад бүртгэгдсэнээр борлуулалтын орлогоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг болох зарим хамтын ажиллагааг эхлүүлэх боломжтой.
Жишээ нь: АНУ-ын Флорида мужийн “Нийлүүлэгч байгууллагуудын нэгдсэн газар”-аас эмэгтэй удирдлагатай жижиг, дунд бизнесүүдэд улсынхаа томоохон үйлдвэр, корпорацуудтай гэрээ байгуулж, нийлүүлэлтийн захиалга хийх боломжийг олгодог.
Ур чадвараа бэхжүүлэх
Зарим тохиолдолд тохирлын тэмдэг гаргагч болон холбогдох төрийн байгууллагуудын зүгээс гэрчилгээ авсан байгууллагын ажилтнууд, удирдлагуудын ур чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн хүний нөөцийн сургалт, арга хэмжээг зохион байгуулдаг. Тохирлын тэмдэгт авсан эмэгтэй удирдлагатай бизнесүүд эдгээр сургалт, хөтөлбөрт оролцож, бизнесээ дараагийн түвшинд гаргахад шаардлагатай ур чадварыг олж авдаг байна.
Жишээ нь: Жижиг бизнесүүдийн холбоо/SBA/ нь Women-Owned Business Certification хөтөлбөрт хамрагдаж, сертификат авсан байгууллагууддаа Mentor-Protégé хөтөлбөрийн хүрээнд ментор хуваарилж, үйл ажиллагааг нь чиглүүлэхээс гадна төрөл бүрийн сургалт, вебинар, нэтворкинг арга хэмжээнүүдэд хамрагдах боломжийг олгодог.
Санхүүжилт авах
Бизнесийн зах зээлд ялгарлыг бий болгосноор өөрийн бизнест тохирсон санхүүжилт, хөрөнгө оруулалт болон зээл, буцалтгүй тусламжид хамрагдахад илүү хялбар болдог. Мөн зарим улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл, хөтөлбөрүүд нь тохирлын тэмдэгтийг хэрэглэдэг байх гэсэн шалгуур үзүүлэлттэй байдаг.
Жишээ нь: Тохирлын тэмдэгтийг хэрэглэж буй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд АНУ-ын Засгийн газраас татварын хөнгөлөлт үзүүлдэг.
Маркетинг сурталчилгаа
Тохирлын тэмдэгтийн хэрэглэгч болсноор дагаж ирэх хамгийн том давуу тал бол маркетинг, сурталчилгаа юм. Үүнд эвент, арга хэмжээ, хөтөлбөрөөр дамжуулан харилцаа холбоогоо сайжруулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүтэгдэхүүн үйлчилгээний хаяг, сав, баглаа боодол болон реклам, сурталчилгааны материалдаа тохирлын тэмдэгтийг ашиглах, ингэснээр хоногшилт бий болгох, байнгын үйлчлүүлэгч, хэрэглэгчдийг үүсгэх, брэндийн үнэ цэнийг өсгөх зэрэг эерэг үр дүнгүүд багтана.
Жишээ нь: WEConnect International-ээс олгодог “Women Owned” нь дэлхийн хамгийн өргөн сүлжээ бүхий бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн тохирлын тэмдэгт юм. Уг тохирлын тэмдэгтийг эзэмшсэнээр дэлхийн 130 гаруй орны төлөөллүүд нэгдсэн сүлжээний вэбсайт болон сошиал сувгуудаар дамжуулан өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах, тус байгууллагаас зохион байгуулдаг олон улсын арга хэмжээнүүдэд оролцох, аль хэдийнээ хэрэглэгчдэд танигдсан логог ашиглан борлуулалтын давуу тал олж авах зэргээр маркетинг, сурталчилгааны шинэ боломжууд давхар нээгддэг.
“Women Owned” тохирлын тэмдэгт Монгол Улсад
Харин Голомт банкнаас эмэгтэй бизнес эрхлэгчдийг онцлох “Women Owned” тохирлын тэмдэгтийг 2023 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран Монгол Улсад анхлан хэрэглээнд нэвтрүүлсэн. Тохирлын тэмдэгтийг одоогийн байдлаар нийт 23 байгууллагад олгосон бөгөөд хамгийн анх эрхээ авсан 4 байгууллагын шинэ хаяг, шошготой бараа бүтээгдэхүүнүүд аль хэдийнээ зах зээлд худалдаалагдаж эхлээд байна.
Бизнес эрхлэгч эмэгтэй та “Women Owned” тохирлын тэмдэгтийг бүтээгдэхүүн үйлчилгээндээ ашигласнаар ямар боломжийг олж авах вэ?
· Голомт банк болон МҮХАҮТ-аас гаргаж буй бүтээгдэхүүн үйлчилгээ, сургалт, хөтөлбөрийн талаар мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах.
· Бизнесийн хамтрал эхлүүлэх, улмаар борлуулалтын сувгаа нэмэгдүүлэх.
· Бүтээгдэхүүн үйлчилгээгээ экспортод гаргах.
· Голомт банк болон МҮХАҮТ-аас хэрэгжүүлж буй аливаа төсөл хөтөлбөр, арга хэмжээ, үйл ажиллагаанд оролцох, үүгээр дамжуулан бизнесээ олон нийтэд сурталчлах.
Тохирлын тэмдэгт ашиглах хүсэлтийг тасралтгүй хүлээн авч, шалгуур хангасан бизнесүүдэд тэмдэгтийн гэрчилгээ олгох процесс үргэлжилсээр байна. Эмэгтэй бизнес эрхлэгч та ч бас “Women Owned” шошгыг үйл ажиллагаандаа хэрэглэдэг бизнесүүдийн эгнээнд нэгдэхийг хүсвэл дараах QR-ийг уншуулж бүртгүүлэх хүсэлтээ илгээнэ үү.