“East” төвийг нураан цэцэрлэгт хүрээлэн барих болсон ч орон сууцны хороолол сүндэрлэх нь

Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд дахь шатсан “East” төв олон жил нийслэлийн өнгө үзэмжийг гутааж ирсэн. Үйлчилгээний төв байгаад казино хүртэл ажиллуулж байсан тус төв шатсанаас хойш газарт нь шунасан олон иргэн, аж ахуйн нэгж, бүр гадаадын компани ч авахыг санаархсан ч   эцэстээ Хотын дарга асан Д.Сумъяабазар баянзүрхчүүдээс санал асуулга авснаар Цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн билээ.  

Гэтэл манайхны сургууль, цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолбор барина гэж анх газар аваад явсаар оффисын өндөр барилга болон сүндэрлэдэг эс бөгөөс орон сууцны барилга болон хувирах нь олонтаа. Харин олон жил эзэнгүй байсан төвийг нураан цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь аанай л худал болж,   тухайн газрын суурин дээр "Хархорум виллаж" нэртэй орон сууц барьж эхэлжээ. Газрын одоогийн эзэмшигч “Пром-Импорт” ХХК бөгөөд тэд 16 давхар худалдаа, үйлчилгээний цогцолбор барихаар архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулсан ч орон сууцны хороолол босгохоор ажлаа эхлүүлээд байгаа аж.