Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан Нам (АН)-ын дарга Б зургаадугаар сарын 16-нд бусдын гарт амиа алдсан. Тодруулбал, Монгол Ардын Нам(МАН)-ын ухуулагчаар ажиллаж байсан О гэгч эл хэргийг үйлдсэн юм.
Эл хэрэгтэй холбогдуулан Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар (ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан: "Өвөрхангай аймгийн Сант суманд 2024 оны зургаадугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал гарсанд талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байлаа. Энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй иргэн П.Отгонбаатар нь УИХ-ын нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын штабтай гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байсан тул Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эргүүлэн татах улс төрийн шийдвэрийг МАН-ын сонгуулийн төв штабаас гаргасан. Гэвч Г.Сайханбаяр хуулиараа намайг эгүүлэн татах боломжгүй хэмээн мэдэгдэж, сонгуулийн үйл ажиллагаандаа оролцсоор яваад дуусгасан. Мөн тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ардчилсан намын байранд очиж эмгэнэл илэрхийлж, намын дарга Л.Гантөмөр талийгаачийн гэрт нь очсон. Тэгвэл УИХ-ын сонгуулийн дүн гарсны дараа Ардчилсан намаас мэдээлэл хийж, намын дарга Л.Гантөмөр талийгаач Б-д “Чингис хаан” одонг нөхөн олгох, ар гэрт нь хоёр өрөө байр өгөх шийдвэр гаргаснаа зарлалаа.