2023 оны долдугаар сард мориноос унаж бэртсэн нийт 370 хүн тусламж үйлчилгээ авснаас 0-18 насны 204 хүүхэд байна. Үүнээс, уралдааны мориноос унаж бэртсэн 35 хүн байна. Харин 2024 оны эхний зургаан сард мориноос унаж бэртсэн нийт 601 хүн тусламж үйлчилгээ авснаас 269 нь хүүхэд байна. Тэр дундаа уралдааны мориноос унаж бэртсэн 13 байгаа бол, үлдсэн 256 нь уналгын мориноос унаж бэртжээ. Тиймээс үндэсний их баяр наадам, аймгуудын тэмдэглэлт ойн баярын эдгээр өдрүүдэд иргэд та бүхэн өөрийн болон хайртай гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндэд анхаарал тавьж, зам тээврийн осол болон болзошгүй аюул эрсдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Баяр наадмын өдрүүдэд гарсан осол гэмтлийн дийлэнх шалтгаан нь архи дарс хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй байдаг бөгөөд өнгөрсөн 2023 оны долдугаар сард ахуйн хүрээний архидалттай холбоотой зодоон цохион, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 104 хүн ГССҮТ-д тусламж үйлчилгээ авсан.
Ерөнхий боловсролын сургуулийн улирлын амралт болон зуны саруудад хүүхдийн осол, гэмтлийн тоо эрс өсдөг бөгөөд уналт, ахуйн хүрээний осол гэмтэл, нохой мууранд хазуулах, тоглоомын талбайд бэртэж гэмтэх, мориноос унах зэрэг шалтгаант тохиолдол энэ хэрээр нэмэгддэг.
2024 оны эхний зургаан сард ГССҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт 0-18 хүртэлх насны нийт 36.765 хүүхэд тусламж үйлчилгээ авсан байна.
Насны хувьд:
- 0-5 нас -11.741,
- 6-13 нас -15.546,
- 14-18 нас -9478 хүүхэд байна.
Осол гэмтлийн тэргүүлэх шалтгаанийг авч үзвэл:
- Зам тээврийн осол -2883,
- Унаж бэртэх /бүх төрлийн уналт буюу явганаас бүдрэх, ор болон шат, гуу жалга, унаа тэрэг, барилга байгууламжаас унаж бэртсэн/ -18.205,
- Амьгүй механик хүчин зүйлд өртөх /Шил шаазан, хутга мэс болон бусад эд зүйлд өртөж гэмтсэн/ -6273,
- Нохойд хазуулсан -789 байна.