Тулгар төрийн 2233, Их монгол улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 512 бөх зодоглох бөгөөд барилдах бөхчүүдийн бүртгэл өчигдөр эхэллээ.
Бүртгэлийг гурван өдрийн турш 10:00-19:00 цагийн хооронд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна. Барилдах бөхчүүд цолны үнэмлэх, иргэний үнэмлэх, цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх ажээ. 512 бөхийн барилдааны эхний өдөр Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай тэргүүтэй 50 орчим бөх бүртгүүлсэн байна.
Харин хүүхдийн барилдаанд барилдах 16 хүртэлх насны бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлж байгаа бөгөөд маргаашийн 18:00 цаг хүртэл Монголын хүүхдийн ордонд үргэлжлэх аж. Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, хоёр хувь цээж зурагтай өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.