Баяр наадмын өдрүүдийн зохицуулалтын талаар ЦЕГ, ТЦА-наас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг "Үндэсний баяр наадмын тухай хуульд аймаг, сумын баяр наадмыг долоодугаар сарын 10, 11-ны өдөр, улсын баяр наадам долоодугаар сарын 11, 12, 13-ны өдөр зохион байгуулахаар ажиллаж байна. Баяр наадмын үеэр цагдаагийн байгууллагаас Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хэв журмын хамгаалалт гарч ажиллана. Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сур, шагайн харваа хэсэгт нийт 669 алба хаагч ажиллахаар төлөвлөсөн. Хүй долоон худагт 1087 алба хаагч ажиллана.
Баярын өдрүүдэд Төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт цагдаагийн байгууллагаас 3184 алба хаагч ажиллана.
Мөн байгалийн үзэсгэлэнт газар, амралт, сувилал, рашаан, аялал жуулчлалын газар, гол нуур зэрэг эмзэг цэгүүдэд улсын хэмжээнд 730 чиглэлд 1456 алба хаагч ажиллана" гэлээ.