Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж мэндчилгээ дэвшүүлэн Үндэсний их баяр наадмыг нээлээ.Тэрбээр
"Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ,Дэлхий даяар тархан суугаа элэн нэгт Монгол ахан дүүсээ, Их Монгол Улсын гал голомт, манай сайхан оронд айлчлан ирсэн Бутан Улсын цог жавхлант хаан, хатан болон эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөөЭрхэм хүндэт наадамчид аа,
Эцэг тэнгэр хураа хайрлаж, эх дэлхий шимээ хүртээж, хүж дэлхий өнгөө засаж, хүн ардын сэтгэл сэргэсэн дэлгэр зуны энэ сайхан өдөр тэнгэр заяат монгол түмний их баяр цэнгэл Үндэсний их баяр наад ёслол төгөлдөр эхэлж байна.
Монгол наадам бол эцэг тэнгэр, эх дэлхий, эрдэмт хүмүүний гурвалсан их баяр. Монгол төрийн ой санамж, эв нэгдэл, тусгаар тогтнолын билэгдэл, эртний түүхтэй оюун санаа, оршин тогтнохын дархлаа билээ. Монгол наадмаа сэтгэл догдлон хүлээн суугаа наадамчин олон болон манай сайхан оронд морилон саатсан эрхэм хүндэт зочдодоо тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Төрт ёс, соёлын бахдам түүхтэй Монгол Улс бол хүн төрөлхтний эртний өлгий, нүүдэлчин хүчирхэг гүрнүүдийн ариун гал голомт, оюун санааны эрх чөлөө, энх тайвны билэг тэмдэг болсон улс юм.
Тиймээс өвөг дээдсийнхээ агуу их түүх соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэн үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, морин хуурыг эрхэмлэн дээдлэх тухай зарлиг гаргасан.
Эх түүхээ судлан шинжилж, ард түмний хүртээл болгох үүднээс Монголын нууц товчооны дэлгэрэнгүй тайлбар толийг анх удаа бүтээж, дэлхийг өөрчилсөн Монгол Улсын их түүхийн 20 боть номыг шинээр бүтээх их ажлыг эхлүүлээд байна. Алтан соёмбот төрийн далбаагаа улсын нийслэл Улаанбаатар хотноо өнө мөнхөд сүр жавхлантай мандуулсныг ард түмэндээ дуулгахад таатай байна".
Дэлхийд хосгүй монгол наадмаа өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхлүүлж байна. Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа хүй мандлаа дүүргэж, аргамаг хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгаа донсолгож, эрхийн мэргэн харваачдын эрчит сум хөх тэнгэртээ исгэрч, саруул ухаант өндөр заяат миний монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай. Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.