Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ахмад настанд олгох тэтгэврийн зээлийн хугацааг 12 хүртэлх сар болгон бууруулах саналыг Монголбанкинд хүргүүлжээ. Учир нь, ахмад настнуудын тэтгэврийг үр хүүхдүүд нь байр, машин худалдан авахад барьцаалж зээлдэг, ахмадууд тэтгэврээ өөртөө зарцуулах эрх олгодоггүйгээс гар дээрээ нэг ч төгрөг авах эрхгүй болж буй асуудлыг цэгцлэх зорилгоор дээрх саналыг хүргүүлсэн юм байна.
Монголбанкны ерөнхийлөгчийн 2021 оны тушаалаар баталсан “Өр, орлогын харьцааг тогтоох аргачлал”-д өөрчлөлт оруулснаар дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой болно гэж үзжээ.
Харин ахмадуудын хувьд “Сарын 500 мянгаас 600 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг өндөр настнуудын хувьд жилээр тэтгэврийн зээл авах нь учир дутагдалтай. Цагаан сараа яаж тэмдэглэх вэ. Эцэг, эхийгээ шимэгчилж амьдардаг ажилгүй залуусыг чангалах нэрээр ахмад настнуудын тэтгэврээ хоёр жилээр авах эрхийг нь хязгаарлаж болохгүй” гэж эсэргүүцэж буй юм.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас 420.9 мянган хүн тэтгэвэр авч байгаагаас 60 хувь нь тэтгэврийн зээл авчээ. Судалгаагаар ахмадууд тэтгэврээ ихэвчлэн үр хүүхдүүддээ зориулдаг гэх судалгаа гарчээ.