СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүчтэй цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Маргааш буюу 12-ны өдөр Баян-Өлгийн хойд, Ховдын баруун болон хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж хүчтэй салхины аюултай үзэгдэл, 12-нд Алтайн уулархаг нутгаар, 13-нд Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
 
Иймд:
  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах,
  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
  • Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй байх
  • Дулаан хувцаслах, баталгаат зам, гүүр, гармаар гарах
  • Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх,
  • Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.