Айдас, хүйдэс: Нүүрсний исэл нь элэгний хорт хавдар үүсгэгч шинэ мутаци бий болгож, энэ нь зөвхөн монгол хүнд илэрч байна

Датанд суурилан мэдээлэл бэлтгэдэг “Insider Monkey” сайт Дэлхийн хорт хавдар судлалын олон улсын сангийн мэдээлэлд тулгуурлан хорт хавдрын нас баралтын түвшин өндөр улс орныг эрэмбэлэхэд Монгол Улс тэргүүлсэнТэгвэл элэгний хавдраар өвчилж буй дөрвөн хүн тутмын нэг нь нүүрсний ислээс болсон гэх судалгааг Хавдар судлалын Үндэсний төвөөс АНУ, Сингапур, Франц, Испанийн эрдэмтэн судлаачидтай хамтран хийсэн байдаг. Тодруулбал,

элэгний хорт хавдар үүсгэгчийг молекул, генетикийн түвшинд шинжилсэн нэлээд өргөн цар хүрээтэй судалгааг Испани болон АНУ-ын судалгааны багтай хамтран хийсэн байна. Судалгаагаар 200 гаруй элэгний хорт хавдартай өвчтөнүүдээс дээж аван судалж, молекул, генетикийн түвшинд элэгний хорт хавдар үүсгэж байгаа шалтгаанууд юу байгааг нарийвчлан судалсан бөгөөд нэгэн шинэ нээлт маягийн зүйл судалгаагаар нотлогдсон нь хүнд металын хордлогын нөлөөтэй молекулын мутациуд бий болсныг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, түүхий нүүрс шатааснаас үүдэн гарах хүхрийн исэл элэгний хорт хавдар үүсгэгч шинэ хүчин зүйл бий болж, энэ зөвхөн монгол хүнд илэрч буйг тогтоосон байдаг.

Мөн элэгний хавдраар өвчилсөн дөрвөн хүн тутмын нэгд энэ шалтгаан давхар байгааг судалгаагаар баталсан байна. Товчхондоо утаанаас болж эс өөрчлөгдөж, тэр нь хавдар болж хувирч байна гэсэн дүгнэлт гарчээ. 

Энэхүү Испани, АНУ-ын эрдэмтэдтэй хамтран хийсэн судалгааг дэлгэрүүлбэл, Монголд 100 мянган хүн тутмын 100-д элэгний хавдар тохиолддог бөгөөд энэ ихдээ тооцогдох атал Монголчууд шалтгаан нөхцлийг нь нарийвчлан тогтоосон судалгаа хийдэггүй байжээ. Улмаар Монголоос элэгний хавдартай 200 гаруй хүний дээжээс  нэгэн мутацийг олж тодорхойлсон бөгөөд элэгний хавдрын тохиолдлын 25 хувьд   уг мутаци илэрсэн байна. Энэ нүүрсний шаталттай холбоотой 2А хорт хавдар үүсгэгч диметил сульфат (71хувь) хүрээлэн буй орчны бодист өртсөнтэй ихээхэн холбоотой хэмээн тодорхойлсон байна.

Энэхүү судалгааны дүн нийгмийг айдас хүйдэст автуулсан ч харамсалтай нь, төр, засаг нь огт цочроо аваагүй. Хатуухан хэлэхэд, иргэд нь өвлийн хэдэн сард хэдэн арваараа, гэр бүлээрээ угаартан амиа алдаж, хорт утаагаар амьсгалснаас хөгшин хүүхэдгүй элэг, уушгины хавдар өвчин тусаж шаналж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ҮАБЗ огт тоомжиргүй хандаж байгаад нийгмээрээ бухимдаж эхлээд байна.