Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 12 дахь тулаанаа Монголд хийхээр болсноо зарласан бөгөөд урьдчилсан байдлаар түүний тулаан 2025 оны нэгдүгээр сарын 24-нд товлогдоод байгаа юм.
Тэгвэл МУГТ Э.Цэндбаатар ээлжит тулаанаа АНУ-ын боксчин Жошуа Ортатай хийхээр болжээ. Тэрээр энэ талаараа "Намайг дэмждэг Монголын ард түмэндээ дуулгах сайхан мэдээ байна. Өнгөрсөн 10-р сард би дэлхийн мэргэжлийн боксын топ 4 холбооны нэг болоx "WBA" холбооны Хойд Америкын аваргын бүсний эзэн болсон. Тус аваргын бүсээ ирэх 2025 оны нэгдүгээр сарын 24-нд эх орондоо хамгаалахаар боллоо. Миний энэ удаагийн өрсөлдөгч мэргэжилд (12-0, 4КО) амжилттай АНУ-ын тамирчин Жошуа Орта байх юм. Энэ тулааныг "WBA" холбоо болон "MBC" буюу Монголын мэргэжлийн боксын зөвлөл хамтран зохион байгуулна. Тэмцээний оргил тулаанд миний бие Жошуа Ортагийн эсрэг тулалдах бол дэд оргил тулаануудад Монголын энэ цаг үеийн жин жингийн шилдэг 5 боксчин Солонгос, Хятад, Казаxстан, АНУ гэсэн орны мэргэжлийн боксчидтой тулалдана. Монголын мэргэжлийн боксын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх энэ тэмцээнийг маань ивээн тэтгэх, хамтран ажиллах компани, хувь хүнтэй нээлттэй хамтарч ажиллана.
Та бүхэн доорх дугааруудтай холбогдож тэмцээний ерөнхий мэдээллээ авах боломжтой. Бокст хайртай Монголын ард түмэн минь цааш түгээж, түүхэн өдрийг хамтдаа бүтээцгээе" хэмээжээ.