Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүрд 135 мянган төгрөгийн хуримтлал үүссэн

Өнөөдөр буюу арван хоёрдугаар сарын 20-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийлээ.

Тэрээр энэхүү мэдэгдлийнхээ үеэр утаа болон түгжрэлийн эсрэг авах арга хэмжээгээ танилцуулсан бөгөөд мөн "Хуримтлалын сан"-гийн талаар мэдээлсэн юм. Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ "Үндэсний баялгийн санд өнөөдрийн байдлаар 4 их наяд төгрөгийн хуримтлал үүсээд байна. Үүнээс 495 тэрбум төгрөг нь иргэдийн нэрийн дансанд мөнгөжсөн. Үүнийг иргэн бүртээ хуваавал нэг иргэнд 135 мянган төгрөгийн хуримтлал үүссэн гэсэн үг. Хуримтлалын санг арвижуулах байдлаар захиран зарцуулах эрх нээгдэж байна.

Иргэд хуримтлалын мөнгөө "E-Mongolia"-гаар дамжуулан дансаа шалгаж үзнэ. Карт хэлбэрээр иргэд баталгаажуулж авч болно. Энэ мөнгийг бэлнээр зарцуулахгүй, хугацаатай хадгаламж гэсэн үг. Бэлэн бусаар буюу эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулагдана. Орон сууцжуулалт дээр ипотекийн хүү өндөр  байсан бол он гараад залуу гэр бүлийг дэмжих багц зарлана. Хүү байхгүй эх үүсвэр өнөөдрөөс бүрдэж эхэлж байна гэж ойлгож болно. Баялаг ашиглах тусам хуримтлал нэмэгдэнэ.

Нэг жилийн хугацаанд 135 мянган төгрөг гэдэг эхлэлийн хувьд боломжийн санхүүжилт. "Хуримтлалтай Монгол" байх агуулга руу сан төвлөрөөд явна" хэмээжээ.