Цөхрөл, гансрал дунд өнгөрүүлсэн 365 хоног

Өдгөөгөөс нэг жилийн өмнө “Дүнжингарав”-ын хэмээн нэрийдээд байгаа газ дэлбэрсэн аймшигт осол болж, дөрвөн иргэн, ажил үүргээ гүйцэтгэж явсан гурван гал сөнөөгч амиа алдсан харамсалтай явдал болсон. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 207 байр уг галд бүрэн өртөж, 63 айл өрх орох оронгүй болсон ба өнөөдрийг хүртэл нэг жилийн хугацаанд түрээсийн байранд амьдарч ирсэн билээ. Бүхэл бүтэн нэг жилийн хугацаанд төр, засгаас дорвитой ажил хийсэнгүй, барилгыг нураана, нураахгүй хэмээн зөрчилдсөөр ирлээ. Хууль хяналтын байгууллагаас “Дашваанжил”компанийн захирал болон жолоочийг яллагдагчаар татан шалгасан ба зам хаан автомашинаа байршуулсан Мөнхнасан ямар ч гэм зэмгүй үлдэх нь гэх шүүмжлэл ч өрнөөд буй юм. Өмссөн хувцастайгаа галаас санд мэнд гарсан иргэд өнөөдрийг хүртэл сэтгэл зүйн хувьд ихээхэн хүнд байдалтай хэвээр байна. Үнэндээ тэдэнд түрээсийн байр түрээслэж өгснөөс өөрийг төр, засаг хийсэнгүй. Өнгөрсөн 365 хоногт 63 айл өрхийн 200 орчим хүн ямар бэрхшээл, зовлон туулж ирснийг хэн ч үл мэднэ.  Орон байргүй, бичиг баримтгүй, өр зээлтэйн дээр хүүхдүүдийн сэтгэл санаа цочирдон одоог хүртэл тайвширч чадахгүй байгааг ярьж байна. Галд 19-хэн настай хүүгээ алдсан ээж ийн ярилаа.

  • Тухайн өдөр хүү маань ээжтэйгээ гэртээ Сар шинийхээ буузыг чимхчихээд ахынх нь машин Налайхад эвдрээд зогссон байсныг туслах гээд явсан. 98 хувийн гүн түлэгдэлтэй байснаас амиа алдсан. Тэр цагаас хойш эрүүл ухаантай байсангүй. Хүүгээ дурсаагүй, бодоогүй уйлаагүй өдөр байсангүй. Ээжүүд над шиг ийм зовлон бүү үзээсэй гэв.

207 дугаар байрны оршин суугчид 365 хоногийн гансрал, цөхрөл дунд өнгөрүүллээ. Бидэнд өмгөөлөгч ч олдохгүй байна. Хууль эрх зүйн туслалцаа үнэгүй үзүүлэх буянтан олдоосой. Үнэндээ Монгол Улсад амьд явах эрхээ ноцтойгоор зөрчүүлж байна хэмээн бухимдаж, төр, засаг үл хайхарч байгаад гомдолтой байна хэмээсэн юм.