Монголын ард түмэн хэзээнээсээ л хүнлэг, сайхан сэтгэлтэй гэдгээрээ гайхагдаж ирсэн. Аливаа зүйлд хүндэтгэлтэй байж, асуудалд унжуу хандах нь бидний зан чанар. Гэтэл сүүлийн жилүүдэд бүх л зүйлд шүүмжлэлтэй хандах болж. Энэ шүүмжлэлт сэтгэлгээ хаанаас эхтэй нь тодорхойгүй ч өнөөгийн Монголчуудын өнгө төрх болоод байна уу гэлтэй.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсныг өнөөдөр буюу нэгдүгээр сарын 24-нд эцсийн замд нь үдэж, улс орон даяар гашуудал зарлаад байна. Гэтэл талийгаачийг шүүмжилсэн, бүр хараасан сэтгэгдлүүд цахим орчинд нэлээдгүй байна.
П.Очирбат агсныг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн зорилтын хүрээнд эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх, засаглалыг шинэчлэн төлөвшүүлэх, нийгмийн ойлголцол зөвшилцлийг хангах үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн үздэг.
Талийгаачийн таалал төгссөнд та эмгэнэхгүй байж болох ч доромжлохгүй байх нь хүнлэг чанар юм. П.Очирбат агсныг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Монголын төр төвшин, улс төрчид ард түмэндээ нэр нүүртэй байсан гэдгийг ч санах хэрэгтэй. Хувь улс төрч нь таалагддаггүй байж болох ч "Анхны Ерөнхийлөгч" гэдэг алдрыг нь хүндэтгэн үзэхийг та бүхэндээ уриалж байна.