БНХАУ-д 500 гаруй сая хүн дотооддоо аялжээ

Хятадын хаврын баяр буюу цагаан сарын үеэр аялагчдын тоо, аялалд зарцуулсан мөнгөний хэмжээ шинэ дээд үзүүлэлтэд хүрсэн нь эдийн засгаа эрчимжүүлэхийг эрмэлзэж буй Засгийн газрын хувьд таатай мэдээ болжээ. 

Соёл, аялал жуулчлалын яамнаас лхагва гарагт нийтэлсэн тоо баримтуудыг үзвэл, нэгдүгээр сарын 28-нд эхэлсэн найман өдрийн амралтын үеэр нийт 501 сая хүн дотооддоо аялжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн аяллын зардал өмнөх оныхоос 7 хувиар нэмэгдэж, 677 тэрбум юаньд /93 тэрбум ам.доллар/ хүрсэн байна. Албаны мэдээлэлд үндэслэн CNN-ийн тооцоолсноор, энэ жил нэг аяллын үеэр өдөрт дунджаар 168.9 юань /23.2 ам.доллар/ зарцуулсан нь өнгөрсөн оныхоос /166.8 юань/ үл ялиг өссөн байна. Гэсэн хэдий ч цар тахлын өмнөх үе буюу 2019 оныхоос /176.9 юань/ 5 хувиар бага байна. Хятадын Шилжилт хөдөлгөөний үндэсний газраас лхагва гарагт мэдээлснээр, баярын үеэр өдөрт дунджаар 1.795 сая хүн хил дамнан зорчсон нь 2019 оны дунджаас /1.79 сая/ бага зэрэг өссөн байна. Энэ өсөлтөд гадаадын жуулчид голлон нөлөөлсөн бөгөөд тэдний тоо 2024 оныхтой харьцуулахад 22.9 хувиар өсжээ.