Сүүлийн хэд хоногт улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн дөрвөн тохиолдол ар араасаа бүртгэгдээд байна. Улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж, гадаад улсаас зөөвөрлөгдсөн бөгөөд тохиолдол бүр нь халдвартай үедээ онгоцоор зорчсон, хавьтлын тоо олон байгаа нь эрсдэлтэй буй юм. Учир нь, улаанбурхан өвчин нь халдварлах чадвараараа маш өндөрт тооцогддог. Тухайлбал, улаанбурхан өвчнөөр өвдсөн хүнтэй ойрхон зөрөх, нэг өрөөнд нэг агаараар амьсгалсан тохиолдолд халдвар авах магадлал маш өндөр. Иймд “Ковид”-ын үе шиг амны хаалт байнга зүүж, хувийн ариун цэврээ сайтар сахихыг, нэн ялангуяа Сар шинээр цахимаар золгохыг ХӨСҮТ зөвлөөд эхэлсэн. Удахгүй болох Сар шинийн баяраар ахмадууд, бага насны хүүхдүүд нэг дор олноороо цуглардаг. Энэ нь эрсдэл төрүүлж буй юм.
- Эхний тохиолдол нь Вьетнам улсаар аялаад ирсэн иргэнээс илэрсэн.
- Хоёрдахь батлагдсан тохиолдол нь 2025 оны хоёрдугаар сарын 18-ны 13:59 цагт Вьетнам Улсын Фукуок арлаас VJC3200 нислэгээр Улаанбаатарт ирсэн.
- Гуравдахь батлагдсан тохиолдол нь 2025 оны хоёрдугаар сарын 8-ны шөнийн 01:00 цагт Вьетнам Улсын Хо Ши Мин хотоос Улаанбаатар чиглэлийн МИАТ-ийн OM712 онгоцоор ирсэн байна.
Дөрөвдэх тохиолдол нь улаанбурханаар өвчилсөн хүнтэй нэг онгоцоор ирсэн хүнээс илэрсэн.
Эдгээр хүмүүст халуурах, туурах шинж тэмдэг илэрсэн бөгөөд зарим иргэн өгүүлэмжээ худал мэдүүлэх, онгоцонд хамтдаа ирсэн зорчигчид үзлэгт хамрагдахгүй хойш суух зэргээр хүндрэл учруулж байгаа аж.
ХӨСҮТ-өөс нийтээрээ амны хаалтаа зүүн эрсдэлээс сэргийлэх, хамгийн гол нь улаанбурхан өвчин 95 хувь халдварлах индекстэй тул зөрөөд өнгөрөхөд төдийд л халдварлах аюултай.
Улаанбурханаар өвчилсөн 11 настай хүү халдварын оргил үедээ Гурвангал,Интермэд эмнэлгээр үйлчлүүлжээ
Улаанбурханаар өвчилсөн дөрвөн хүний хоёр нь 5-11 насны хүүхэд аж. Тухайлбал, 11 настай хүү хамгийн халдвартай үедээ Гурвангал, Интермэд эмнэлгээр явсаар сүүлд ХӨСҮТ-д ирсэн байна.Тиймээс эдгээр эмнэлгээр үйлчлүүлсэн болон үзлэг хийсэн эмч, ажилтнууд давхар эрсдэлд оржээ. Эцэг, эхчүүд хүүхдээ,
- Арьсан дээр тууралтгүй ч амны салстад бага арааны орчимд тууралт шар будаа шиг байгааг шалгаж үзээрэй.
- Тууралт шаталсан байдаг. Ялангуяа дээрээсээ доошоо шаталсан байдаг.
- Хүүхэд ихээр ханиалгадаг.
Энэ мэт шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандахыг ЭМЯ санууллаа.
Мөн Сар шинийн баяраар цахимаар золгохыг ХӨСҮТ зөвлөөд эхэлсэн. Үүнээс иргэд Сар шинийн баяраар хөл хорьж, цахимаар золгох юм биш биз гэсэн болгоомжлол төрүүлээд буй юм.