Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ сэргээх амлалт өгснөөр зэсийн үнэ сүүлийн таван сарын дээд түвшинд хүрлээ.
Лондоны Металлын биржид зэсийн үнэ 0.8 хувиар өсөж, тонн нь 9861 ам.доллароор арилжаалагдаж байна. Энэ нь өнгөрсөн аравдугаар сарын долооноос хойших хамгийн өндөр дүн болж байгаа юм.
Зэсийн үнэ ирэх гурван сарын хугацаанд тонн нь 10 мянган ам.доллар давна гэж “Citigroup” тооцоолж байна. Уурхайн нийлүүлэлт хомсдох асуудалд ороод буй тус зах зээлд Дональд Трампын тариф улам хэлбэлзэл нэмснээр зэсийн үнэ энэ он гарсаар 12 хувиар өсөөд байгаа юм. Хэдий тийм боловч металлын эрэлтийн гол тулгуур БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжилсээр байна.