Санхүүгийн зохицуулах хороо Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ын хэрэглээний зээлийн эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалан иргэдэд бий болох өрийн дарамтын эрсдэлийг бууруулах зорилгоор 2023 оноос цахимаар олгох зээлийн бүтээгдэхүүнд өр, орлогын харьцааг 70 хувиас хэтрэхгүй байхаар, мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас бүх төрлийн хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа болон суудлын автомашин барьцаалж, худалдан авах хэрэглээний зээл, үнэлгээний харьцааг тус тус 70 хувиас хэтрэхгүй байхаар тогтоож байсан. Гэвч эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан, олон улсын зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлт, импортын хэрэглээнээс хамааралтай валютын нөөцийн эрэлт, бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмж, 12 хувьд хүрсэн мөн банкны хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны хязгаарыг 50 хувь байхаар бууруулсан зэрэгтэй уялдуулан ББСБ-ын хэрэглээний зээл олгох зохицуулалтад хамаарах харьцааг бууруулах арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай гэж үзэн, Санхүүгийн зохицуулах хороо дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд,
- ББСБ-аас олгох хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнд тооцох өр, орлогын харьцааг 60 хувиас хэтрэхгүй байх;
- Суудлын автомашин худалдан авах хэрэглээний зээлийн зээл, үнэлгээний харьцаа 60 хувиас хэтрэхгүй байх.
-
Уг шийдвэрийг хэрэгжүүлж эхэлснээр иргэдийн өрийн дарамтад орох эрсдэлийг бууруулж, улмаар өрхийн бодит орлого нэмэгдэж, худалдан авах чадвар сайжрах зэрэг эерэг үр дүн гарах боломжтой юм. Түүнчлэн, ББСБ-уудын эрсдэл даах болон төлбөрийн чадварыг нэмэгдүүлэх зорилгоор итгэлцлийн үйлчилгээ, бонд болон бусдаас татан төвлөрүүлэх бусад эх үүсвэрийн зохистой харьцааг шинэчлэн тогтоолоо.