Мансууруулах бодистой нэр холбогдсон уран бүтээлчдийг соёл, урлагийн арга хэмжээнд оролцуулахгүй

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар болон нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран “Анзаар-2” аяны хүрээнд мэргэжлийн урлагийн байгууллага, соёл, урлагийн байгууллага, студи, продакшны уран бүтээлчдийн дунд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нөхцөл байдал, хор уршиг, хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдэг, таних арга, хууль эрх зүйн хариуцлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Энэ үеэр Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш “Манай орны хувьд энэ төрлийн бодисыг хэрэглэгчдийн нас улам залуужиж байгаа талаар цагдаагийн байгууллагаас бидэнд мэдээлэл өгсөн. Мөн нийгмийн сүлжээ, цахим орчинд эдгээр сэтгэцэд нөлөөлөх бодисыг сурталчилсан агуулгатай контентыг уран бүтээлчид, контент бүтээгчид бүтээж тараасаар байна. Үүнээс гадна олны танил хүмүүс, урлагийн одууд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох болсон.

Цагдаагийн байгууллагаас тэдгээр уран бүтээлчийн нэрсийг гаргасан боловч хүний эрх, эрх чөлөөнд халдах гэсэн гэдэг үндэслэлээр олон нийтэд түгээж болохгүй байгаа юм. Гэвч бидэнд, тэр тусмаа урлагт ёс зүй гэж чухал зүйл бий. Үүний үндсэн дээр манай байгууллага болон нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагууд, уран бүтээлчид “Анзаар-2” аянд нэгдэж байна. Нийслэлийн Соёл, урлагийн газраас Улаанбаатар хотод зохион буй аливаа соёл, урлагийн үйл ажиллагаанд, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож хуулийн байгууллагаас ял, шийтгэл хүлээсэн уран бүтээлчдийг оролцуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэв.