Д.Жанчив агсны гэргий Б.Ганцэцэг: Авах ёстой тэтгэмжээ автал суулт хийнэ

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 08-нд одоогоос яг нэг жилийн өмнөх энэ өдөр Миний дэлгүүрт гарсан галыг унтраахаар ажиллаж байхдаа амиа алдсан онцгой байдлын албан хаагч Д.Жанчив агсны гэргий Б.Ганцэцэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр тус мэдээлэлдээ “Миний хань яг нэг жилийн өмнө Чингэлтэй дүүргийн 7-р хороонд байрлах Миний сүлжээ дэлгүүрийн гал дээр очиж, гал унтраах явцдаа амь насаа алдсан Д.Жанчив. Бид таван хүүхэдтэй. Би ханиа алдсанаас хойш бүтэн нэг жилийн хугацаанд маш олон зүйлийг туулж, олон дарга нарын хаалгыг сахиж явсан. Эцэст нь өнөөдөр ханийхаа нэг жилийн ой дээр арга мухардаад энд сууж байгаадаа харамсаж байна. 

Хань минь өргөсөн тангарагтаа үнэнч байгаад үүргээ биелүүлсэн. Яагаад 25 жил гал унтраах албанд ажилласан алба хаагчаа Монгол Улс, Засгийн газар үнэлэхгүй байгаа юм бэ. Гомдолтой байна. Миний хань 25 жил ажиллахдаа 1.1 гэдэг албан тушаалд ажилласан. Энэ нь аливаа том гал руу хамгийн түрүүнд ордог эрсдэлтэй алба байдаг. Энэ хугацаанд 7000 гаруй хүний амь насыг аварсан.

Дараагийн асуудал нь Монгол Улсын баатар цол гэдгийг хэнд өгдөг юм. Би ханийгаа баатар гэж хэлнэ. 7000 мянган хүн аварсан хүн өнөөдөр үрэгдчихээд байна. Дараагийн асуудал нь бол миний ханьд өнгөрсөн хугацаанд олгогдох ёстой байсан тэтгэвэр тэтгэмжийг нь хууль ёсны дагуу олгосон. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж Дүнжингаравын дэлбэрэлтийн үеэр гал унтраах явцдаа амиа алдсан аврагчдын ар гэр ахуйн асуудал дээр буцалтгүй тусламж үзүүлсэн. Гэхдээ миний гэр бүл, үр хүүхдүүдийн хувьд яагаад ийм шударга бус хандаад байгаа юм.

Бид Ерөнхийлөгчийг зөв шийдвэр гаргатал гэр бүлээрээ маргаашаас суулт хийнэ. Би гал унтраах алба хаагчийн бэр, эхнэр, одоо ээж нь болж байгаа хүн. Хөдөлмөрийг нь үнэлээд бидний хүүхдүүдэд хуулийн дагуу олгох ёстой зүйлийг нь олгооч" хэмээжээ.