Нийслэлийн 78 сургууль, 160 цэцэрлэг, есөн аймгийн багш нар өнөөдрөөс ажил хаялаа

Багш нар өнгөрсөн наймдугаар сараас эхлэн цалингаа 3.5 сая төгрөг болгон нэмэгдүүлэх, ажлын ачааллыг бууруулахыг шаардсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй өнөөдрийг хүрсэн. Улс даяар жагсаал, суулт  зохион байгуулаад ч дорвитой дэвшил гараагүй тул сургуулийн, цэцэрлэгийн багш нар өнөөдрөөс нийтээрээ ажил хаялаа. 

Ерөнхий сайд Г.Занданшатар багш нарын ҮЭ-ийн төлөөллийг хүлээн авч уулзан  “Монгол Улсын Засгийн газар тэвчиж болох зардлаа танаж, багш нарын цалинг 15-20 хувь, эмчийн цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг найман хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрлээ” гэдгийг  мэдэгдсэн.

Мөн Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар багш нарын цалинг 20 хувь, эмч нарынхыг 15 хувь, ахмадын тэтгэврийг найман хувиар тус тус нэмэх шийдвэрт хүрснээ танилцуулсан юм. Энэ нь ойролцоогоор багш, эмч нарын цалин 150-300 мянган төгрөгөөр, ахмадын тэтгэврийг 45-55 мянган төгрөгөөр нэмнэ гэсэн үг юм. Гэвч  багш , эмч нар болон ахмадууд шийдвэр сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, зорьсондоо хүрэхээс нааш, нэг үгээр цалинг хүссэн хэмжээнд нэмэхээс нааш ухрахгүй гэдгээ илэрхийлж, ийнхүү өнөөдрөөс нийслэлийн 78 сургууль, 160 цэцэрлэг, есөн аймгийн багш нар ажил хаялтаа эхлүүлээд байна.  Боловсролын сайд нь хууль бусаар ажил хаявал хариуцлагын асуудлыг ярина, энэ хугацааны цалин мөнгийг олгохгүй гэх шахалт үзүүлсэн ч энэ нь багш нарт нөлөөлсөнгүй. 

Сэтгэгдэл үлдээх