Ш.Алтантуяагийн гэр бүлд учирсан хохирлыг Малайзын Засгийн газраар нөхөн төлүүлэх шийдвэрийг хүчингүй болгожээ

2006 онд Малайз улсын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн бие хамгаалагчдын гарт амиа алдсан Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлд учирсан хохирлыг Малайзын Засгийн газраар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг тус улсын Давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон байна. Тодруулбал, Давж заалдах шатны шүүх өмнө нь Ш.Алтантуяагийн гэр бүлийн талд гаргасан иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Малайзын Засгийн газраас гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсан болохыг мягмар гарагт шүүгч Мунианди Канняаппан мэдээлжээ.

Аллагын хариуцлагыг нэхэх 18 жилийн турш үргэлжилж буй хууль шүүхийн маргаан Малайзын хамгийн дээд шатны шүүхэд очих магадлалтай болж байна. Хохирогчийн талыг төлөөлж буй өмгөөлөгч Сангит Каур Деогийн мэдээлснээр Ш.Алтантуяагийн гэр бүлийнхэн Малайзын Холбооны шүүхэд гомдол гаргахаар төлөвлөж байгаа аж. Харин Ш.Алтантуяа агсантай харилцаатай байсан Абдул Разак Багиндагийн давж заалдах гомдлыг шүүхээс хүлээн аваагүй бөгөөд түүнийг хохирогчийн гэр бүлд 1.38 сая ринггит буюу 340,564 ам.доллар төлөх ёстой гэж шийдвэрлэжээ. 

Хэрэг гарсан өдөр Абдул Разак Багиндагийн гэрийн гаднаас хэрэгтнүүд Ш.Алтантуяаг хулгайлан авч явсан байдаг. Аллагыг үйлдсэн тусгай албаны алба хаагчид болох Азила Хадри, Сирул Азхар нар нь тухайн үед Нажиб Разак болон бусад өндөр албан тушаалтнуудыг хамгаалахаар томилогдсон байсан аж.

Хоёуланд нь шүүхээс цаазын ял оноосон ч аллага үйлдсэн сэдлийг нь тогтоогоогүй хэвээр байгаа. Азила Хадри нь цаазын ялыг хөнгөрүүлж, бүх насаар хоригдох ял болгуулах хүсэлтээ дэмжих зорилгоор мэдүүлэг өгөхдөө аллагын захиалагч нь Нажиб Разак байсныг мэдэгдэж байв. Нажиб Разак өөрийгөө энэ хэрэгт ямар ч оролцоогүй гэж үгүйсгэсээр ирсэн юм. Харин Сирул Азхар нь Австрали руу зугтсан бөгөөд Австрали улсын Засгийн түүнийг Малайз руу буцаахгүй гэдгээ мэдэгдсэн.

Сэтгэгдэл үлдээх