Зах, бөөний төвүүд уртасгасан цагаар ажиллах боломжтой эсэхийг судална

Cар шинийн баяраар автозамын хөдөлгөөний ачааллыг хэрхэн бууруулж, зохицуулах талаар НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, сар шинийн бэлтгэл ажилтай холбоотой замын хөдөлгөөний зохицуулалтын талаар хэлэлцсэн байна. 

Ажлын хэсгийн гишүүд сар шинийн бэлтгэл ажилтай холбоотой хийж буй замын хөдөлгөөний зохицуулалтын талаар санал солилцож, НИТХ-ын дарга А.Баяр дараах чиглэлийг өглөө.

  • Нэгдүгээрт, зах, бөөний төвүүд уртасгасан цагаар ажиллах боломжтой эсэхийг худалдаа эрхлэгч, түрээслэгчидтэй уулзаж, тодорхой болгоё. Түүнчлэн, уртасгасан цагаар ажиллахыг дэмжиж буй эсэхийг иргэдээсээ асууя.
  • Хоёрдугаарт, амралтын өдрүүдэд тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэхийг иргэдээсээ мөн асууя. Иргэдийн саналд үндэслэж, сар шинийн баярын өдрүүдэд түгжрэлгүй шинэлэх боломжтой хувилбарыг боловсруулъя.
  • Гуравдугаарт, баярын өдрүүдийн замын хөдөлгөөний байдлыг шууд дамжуулалтаар үзүүлье.

    Ингэхдээ Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камерын дэлгэцээс биш хамгийн их түгжирдэг цэгүүдэд шууд дамжуулалтын баг ажиллуулж, иргэдийг мэдээллээр хангая. Мэдээллийг дамжуулах суваг олон бөгөөд хүртээмжтэй байх ёстойг анхааръя гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх