Боловсролын сайд П.Наранбаяр Өвөрхангай аймгийн сургалтын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг болон албаны бусад хүмүүсийн хамт өнгөрөгч даваа гарагт Өвөрхангай аймагт ажилласан. Орон нутгийн удирдлага болон СӨББ, ЕБС, Политехникийн коллежийн удирдлагуудтай уулзсаны дараа зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав.

Арвайхээрийн 2 дугаар сургууль 1600 сурагчтай. Тэдний дунд ялгаатай хэрэгцээтэй 76 хүүхэд байна. 2001 онд долоон хүүхэдтэйгээр нээгдэж байсан тусгай анги өдгөө оюуны болон тулгуур эрхтэний бэрхшээлтэй, аутизмын эмгэгтэй гээд нийт 40 сурагчтай хоёр бүлэг болон өргөжин тэлсэн байна. Үүнээс гадна ердийн ангиудад ялгаатай хэрэгцээтэй 36 хүүхэд суралцаж буй аж.

Монгол Улсын зөвлөх багш Х.Пүрэвсүрэн тэргүүтэй чадварлаг багш нар хүүхэд нэг бүртэй тулж ажиллахдаа үндсэн сургалтаас гадна давуу талыг нь хөгжүүлэхэд түлхүү анхаардаг байна. Үүний үр дүнд Паралимпын 4 аварга, Дэлхийн 5 аварга тус сургуулиас төрөн гарчээ. ЕБС-аа амжилттай дүүргэж, их, дээд сургуульд элсэн суралцсан сурагчид ч цөөнгүй бий аж.

Дараа нь Арвайхээрийн 11 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Одоогийн байдлаар түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж буй уг цэцэрлэг 60 хүүхэдтэй байгаагаас 44 нь хөгжлийн онцлогтой, хүнд бэрхшээл бүхий хүүхдүүд байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 150 ортой шинэ цэцэрлэг энэ ондоо багтан ашиглалтад орохоор тусгай хэрэгцээт хүүхдийн гурван бүлэг, энгийн хоёр бүлэгт хүүхдүүд нэмж авахаар төлөвлөж буй аж. Ялгаатай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангах хүсэлтийг цэцэрлэгийн эрхлэгч Б.Болормаа тавихад шийдэж өгнө гэдгээ салбарын сайд хэллээ.

П.Наранбаяр сайд болон албаны хүмүүсийн дараагийн зочилсон газар бол Политехникийн коллеж. 52 жилийн түүхтэй тус коллеж дэргэдээ сургалтын бааз болох үнээний ферм, 25,9 га тариалангийн талбай, 21 дадлагын газартайгаар  сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. С.Санчир захиралтай 132 албан хаагч 2025-2026 оны хичээлийн жилд 25 мэргэжлээр 1151 оюутанд 132 албан хаагч боловсролын үйлчилгээ үзүүлж буй. Нийгэмд хэрэгцээтэй мэргэжлүүдээр суралцаж, ажиллах сонирхолтой залуус орон нутагт олон байгааг салбарын сайд сайшаалаа.

Өвөрхангай аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Book bridge” англи хэлний сургалтын төвийн үйл ажиллагаатай Боловсролын сайд П.Наранбаяр танилцлаа. Хүүхэд хөгжлийг дэмжих зорилгоор 2009 онд байгуулагдсан тус төв ахлах ангийн сурагчдын англи хэлний мэдлэгийг гүнзгийрүүлэх сургалт явуулдаг бөгөөд найман суралцагч IELTS шалгалт өгч, тэнцсэн байна. Сургалтын хүрээнд дэлхийн сонгодог зохиолуудыг уншиж, өөр хоорондоо ярилцдаг жишиг тогтжээ. Албаны хүмүүсийг очиход сурагчид Шекспирийн “Ромеа, Жулетта хоёр” зохиолын талаар англиар ярьж өгсөн юм. “Book bridge” төв нь АНУ-ын төрийн департаментын хэрэгжүүлдэг Англи хэлний “Access” бичил тэтгэлэгт хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр англи хэлний сургалтыг сурагчдад үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа гэдгийг төвийн захирал Г.Ууганцэцэг хэлж байлаа.

Өвөрхангай аймгийн ЕБС-ийг төгсөгчид Элсэлтийн шалгалтын оноогоороо сүүлийн арван жилийн турш улсад эхний гурван байранд тогтмол эрэмбэлэгдэж ирсэн нь тус аймгийн сургалтын байгууллагууд боловсролын үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж байгаагийн нэг илрэл юм.

Сэтгэгдэл үлдээх