Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26-нд ихэнх нутгаар багавтар үүлтэй байна. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хангай, Хөвсгөл болон Хэнтийн нуруугаар цас орж, явган шуурга шуурах төлөвтэй байна.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, харин нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүсэх бөгөөд зарим газраар шороон шуурга шуурна. Агаарын температурын хувьд шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Заг-Байдраг, Завхан голын эх, Тэс, Орхон, Ерөө голын хөндийгөөр -34-39 градус хүрч хүйтэрнэ. Мөн Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим болон Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -28-33 градус хүйтэн байх бол Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -15-20 градус, бусад нутгаар -22-27 градус хүйтэн байна.
Хоёрдугаар сарын 28-нд нутгийн зарим газраар, гуравдугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -35-40 градус, өдөртөө -20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30-35 градус, өдөртөө -15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10-15 градус, өдөртөө +1-4 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -16-21 градус, өдөртөө -5-10 градус, бусад нутгаар шөнөдөө -22-27 градус, өдөртөө -10-15 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл үлдээх