Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотойгоор шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс өнгөрсөн долоо хоногт 17 хүнд холбогдох найман хэргийг шүүхээр хэлэлцсэн байна. Шүүхээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн хэрэглээ болон бусад зорилгоор хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гурван хүнд найман сараас гурван жилийн хугацаагаар оршин суугаа газраасаа гарахгүй байх буюу зорчих эрхийг хязгаарлах ял, таван хүнд 1-2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.
Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, зарж борлуулсан гэмт хэрэг үйлдсэн дөрвөн хүнд 2-3 жил хоёр сарын хугацаагаар хорих ял, харин уг төрлийн бодисыг удаа дараа зарж борлуулсан, Монгол Улсын хилээр их хэмжээгээр нэвтрүүлсэн таван хүнд 5-5 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан байна.
Тухайлбал, иргэн Н.Г, А.А нар нь бүлэглэн, худалдаалах зорилгоор сэтгэцэд нөлөөт бодисыг гадаад улсад оршин суугаа иргэнээр захиалуулж, 2024 оны есдүгээр сарын 5-ны өдөр олон улсын буухиа шуудангийн илгээмжээр дамжуулан Монгол Улсын хилээр их хэмжээгээр нэвтрүүлсэн нь тогтоогдож, шүүхээс таван жилийн хугацаатай хорих ял оногдуулжээ.
Сэтгэгдэл үлдээх