Их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэхээр боллоо

Боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн их, дээд сургуулиудын хөтөлбөрийг аравдугаар сарын 1-нээс эхлүүлэх талаар санал асуулга явуулжээ. Санал асуулгаар төрийн өмчийн их, дээд сургуулиудын 17 буюу 94.4 хувь нь аравдугаар сарын 1-нээс хичээл эхлүүлэх боломжтой гэж үзсэн бол Дотоод хэргийн их сургууль нь сургалтын үйл ажиллагааны онцлогтой уялдуулан "Боломжгүй" гэдэг санал ирүүлсэн байна. Хувийн их, дээд сургуулиудын хувьд  33 нь буюу 70.2 хувь боломжтой, 12 нь буюу 25.5 хувь боломжгүй, хоёр нь буюу 4.3 хувь санал ирүүлээгүй гэдэг дүн гарсан байна.

Боловсролын сайд П.Наранбаяр дээрх судалгааны дүнг үндэслэн  их, дээд сургуулиудын удирдлагуудад ирэх хичээлийн жилийг  есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ.  Дээд боловсролын тухай хуулийн дагуу их, дээд сургуулиуд сургалтын хөтөлбөрөө өөрсдөө батлан, хичээлийн жилийн эхлэх хугацааг өөрийн онцлогт нийцүүлэн тогтоож, сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжтой байдаг аж.

Цэцэрлэг,, дунд, дээд сургуулийн хичээлийн жилийг нэгэн зэрэг эхлүүлэх нь эцэг, эхчүүдийн хувьд санхүү, цаг хугацааны ачааллыг нэмэгдүүлэх хүндрэл үүсгэхээс сэргийлсэн бөгөөд монгол орны байгаль, цаг уур, хүн амын амьдралын хэв маяг, уламжлалт ахуй соёлын онцлогт нийцнэ гэж үзсэн байна. Намрын улиралд өрнөдөг ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх, өвлийн бэлтгэл хангах зэрэг ажил болон мал аж ахуйд тулгуурласан өрхийн хөдөлмөрийн онцлогтой зохицож, зохистой нөхцөлийг бүрдүүлэн ажиллах нь нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой зэргийг харгалзан үзжээ.

Сэтгэгдэл үлдээх