Л.Дэлгэрзул: Нийт эцэг, эхчүүддээ Тамхины хяналтын тухай хуулийг яаралтай батлуулах цахим өргөдлийг дэмжихийг уриалж байна

Хүний их эмч, орчны эрүүл мэнд судлаач Л.Дэлгэрзул нийтийн өргөдлийн цахим системд D-Petition сайтад Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яаралтай хэлэлцэж батлуулах тухай өргөдөл гаргажээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа. 

-Та Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яаралтай хэлэлцэж батлуулах тухай цахим өргөдөл яагаад гаргах болов? 

-Би эмч мэргэжилтэй, орчны эрүүл мэнд судлаач хүн. Тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэх ажлын дэд хэсэгт ажиллаж байсан гээд аль ч талаараа энэ хуулийг батлах байх гэсэн хүлээлт өндөр байсан. Учир нь өнөөдөр шинэ төрлийн электрон тамхины хэрэглээ яаж хавтгайрч байгаа нь хэн хүний нүдэнд ил байна шүү дээ. Эцэг, эх, эмч, багш нар  аргаа барж байна. Нөгөө талдаа шууд болон дам тамхидалтын улмаас хүүхэд залуус, өсвөр насны хүүхдүүд маань ихээр хордож байгаа нь ойлгомжтой. Гэтэл энэ тамхи одоо болтол хуулийн зохицуулалтгүй байгаа. Шинэ хуулийн төслийн тухайд аль ч төрлийн тамхийг бүрэн хориглох агуулга огт байхгүй. Зөвхөн зохицуулалтыг орчин үеийн хэрэгцээнд нийцүүлэх, бүх төрлийн тамхины хэрэглээг бууруулахын зорьсон.

Зарим асуудалд нэг өдрийн дотор хууль санаачлаад баталдаг УИХ маань энэ хуулийг өргөн барьснаас хойш бараг хагас жил болох гэж байхад одоо болтол хэлэлцэхгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Иймд иргэн хүний хувьд, судлаач хүний хувьд, ээж хүний хувьд өөрийн чадах хэмжээнд хуулийг урагшлуулахыг хүссэн учраас өргөдөл гаргаад байна. 

-Шууд болон дам тамхидалтын талаар та сая дурдлаа. Ер нь электрон тамхины хор хөнөөл ямар хэмжээнд байна гэж та үзэж байгаа вэ? 

-       Энэ цахим өргөдлийг гаргахдаа миний хувьд зөвхөн электрон тамхи, вейп рүү чиглээгүй. Утаат янжуур тамхины тухайд ч манай улсын хэрэглээ тасралтгүй өссөн. Сүүлийн 20 жилийн хугацаанд хамгийн өндөр түвшиндөө хүрсэн. Үүнтэй зэрэгцэн хүүхэд, залуучуудын дунд вэйп үнэхээр газар авч, эмч, багш нар, аав, ээжүүдийн “толгойны өвчин”  болсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамны өгч буй мэдээллээр өсвөр насныхны дөрвөн хүүхэд тутмын нэг нь вэйп татаж байгаа бол таван хүүхэд тутмын нэг нь утаат тамхи татаж байгаа нь үнэхээр ноцтой түвшинд хүрснийг илэрхийлж байна. Мөн вэйпний тухайд олон төрлийн гоё амт, үнэртэй учраас хор багатай гэж хүмүүс ойлгоод байна. Гэвч электрон тамхи татахад шингэнийг халаах явцад утаа болж харагддаг маш нарийн ширхэгт тоосонцор, дусал буюу аэрозолоос их хэмжээний формальдегид зэрэг олон төрлийн хорт хавдар үүсгэгч бодис ялгардаг байна. Түүнээс гадна үл мэдэгдэх бодисууд ч илэрсээр байгаа нь аюул юмЭнэ нь татаж байгаа хүнд болон эргэн тойронд нь байгаа бүх хүнд дам тамхидалтын нөлөөнд орж хордож байгаа гэсэн үг. 

Бидний мэдэх никотин л гэхэд донтуулагч шүү дээ. Гэтэл никотин нь вэйпэнд буюу шинэ тутмын тамхинд зарим тохиолдолд бүр их байна. Ийм аюултай бүтээгдэхүүнийг хүүхдүүд, өсвөр үеийнхэн, эмэгтэйчүүд маань ихээр хэрэглэж байгаад санаа зовж байна. 

Уушгины шинэ төрлийн өвчлөл үүсээд байгааг тогтоогоод дэлхийн 82 улс аль хэдийнээ ямар нэгэн арга хэмжээнүүд аваад иргэдээ хамгаалж байхад манай улс сүүл мушгиж хуулийн төсөл нь бэлэн байхад хэлэлцэхгүй хагас жил болно гэдэг бол эс үйлдэхүй гэж харахаас өөр арга байхгүй. 

Жилд 4,300 ба түүнээс их хүн тамхинаас болж нас барж байна гэдэг бид өдөр бүр 12 хүнийг тамхины шалтгаанаар алдаж байна гэсэн үг. Энэ нь иргэн хүний хувьд ч, эмч хүний хувьд ч нэг өдрийг ч алдаж боломжгүй санагдах юм. Тиймээс ч цахим өргөдөл гаргалаа.  

Нөгөө талд, Улаанбаатарчууд бид утаа, агаарын бохирдол, дотоод орчны бохирдол гээд олон зүйлээр уушгиа хордуулж байгаа. Эдгээр асуудлыг шийдэх зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ энэ бүгдийг залруулахад ямар их хугацаа, хөрөнгө мөнгө шаарддаг вэ гэдгийг бид харж байна. Гэтэл тамхины асуудлыг өнөөдөр ч гэсэн шийдээд, иргэдээ нэг ч болтугай үхлийн аюултай хорны хэрэглээг бууруулах боломж байхад эс үйлдэхүй хийж байгаа парламентыг үнэхээр гайхаж байна. 

-Уг нь эцэг эхчүүд, багш нар бүр зарим аймгийн сурагчид хүртэл электрон тамхийг хориод өгөөч гээд цахим орчинд ч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч хүсэлтээ илэрхийлсээр байгаа шүү дээ. 

-Тийм ээ. Тийм учраас цахим өргөдлийг ээж, аавууд, багш нар, хүүхдүүддээ хайртай, эрүүл мэндээ эрхэмлэдэг хүн бүхэн дэмжинэ гэдэгт итгэж байна. Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр уламжлалт янжуур тамхины татварыг нэмэгдүүлж, ил худалдаалахыг, гудамжаар татахыг хорино. Харин электрон тамхи, вэйпийг бүрэн хориглохгүй, зөвхөн тамхи гэж үзэж, хуулийн зохицуулалтад л оруулахыг зорьж байгааг хэлэх хэрэгтэй. Түүнээс бүтэн хориглох тухай байхгүй. Яг янжууртай адилхан тусгай зөвшөөрөл авдаг, онцгой албан татвар төлдөг, хүүхдэд зардаггүй байх гэх мэт зохицуулалтууд туссан гэсэн үг. 

Эцэст нь, Үндсэн хуулийн 16.2-т “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан байдаг. Энэхүү эрхийг хангах үүднээс төрөөс тамхины хэрэглээг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах бодлого, арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэх үүрэгтэй. Тиймээс энд тамхи татдаг, татдаггүй нь хамаагүй бүх хүний эрхийн тухай яригдаж байна гэсэн үг.

Хэрэв 100,000 иргэн энэ цахим өргөдлийг дэмжиж гарын үсэг зурж чадвал УИХ шууд хэлэлцэх зохицуулалттай юм билээ. Ингэж л иргэд бид өөрсдийн эрх ашгийг хамгаалж, хууль тогтоогчдод шаардлага тавихгүй бол нэг өдөр ч хүлээх аргагүй энэ мэт чухал хуулиуд дарагдсаар байх бололтой. Та бүхэн дэмжиж, саналаа өгөөрэй гэж уриалмаар байна. 

Цахим өргөдөл гаргах холбоосhttps://petition.parliament.mn/Detail?id=3978e179-e91d-4095-ba9d-616fe23067ff

Сэтгэгдэл үлдээх