Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны дөрөвдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 475 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 301 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.
Одоогоор ажиллагаанд 174 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж байна. Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгаа хоёр нэр дэвшигчийн талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэв.
Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 128 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 19 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.
Хяналт шалгалтаар хамаарал бүхий этгээдийг албан тушаалд томилохдоо ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл гаргаагүй, хуульд заасан нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй зэрэг зөрчлийг илрүүлж, авлигын эсрэг хууль тогтоомжид заасан хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлсэн байна.
Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 37 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх