ХХОАТ-ыг нэг хувь болгох тухай хуулийн төслийг санаачлагч гишүүдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Ард иргэдийн гар дээр авч буй цалин бодитоор үнэгүйдэж байна. Монгол Улсын голч цалин өнөөдөр 2.2 сая орчим төгрөг байгаа ч амьжиргаанд хүрэлцэхгүй хэвээр байна. Хувь хүний орлогын албан татварын нийт бүрдүүлэлтийн бараг 81 хувийг тогтмол цалин авдаг иргэд бүрдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 975 мянга орчим буюу бараг нэг сая хүн энэ татварын гол ачааг үүрч байна гэсэн үг. Эдгээр нь Монгол Улсын дундаж давхарга юм. Гэвч энэ дундаж давхаргынхан өнөөдөр өрөөс өр, зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Олон жил тогтвортой ажилласан ч цалин нь амьдралдаа хүрэлцэхгүй хэвээр байгаа юм. Үүний үр дагавар нь залуучуудын гадагшаа явах хүсэл эрмэлзэл нэмэгдэж байгаа явдал.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Сонгууль бүрээр улс төрийн бүх нам дундаж давхаргаа дэмжинэ гэж амладаг. Энэхүү амлалтаар ард иргэдийн саналыг авч, УИХ-д сонгогддог. Гэвч бодит байдалд дундаж давхаргад чиглэсэн, үр дүнтэй бодлого өнөөдрийг хүртэл хангалттай хэрэгжсэнгүй. Харин дундаж давхаргыг дэмжинэ гэсэн нэрийн дор тусгай санг байгуулж, тэрхүү сангийн дэмжлэгийг энгийн иргэд бус төрийн өндөр албан тушаалтнууд, дарга сайд нарын хамаарал бүхий хүмүүс хүртэж ирсэн жишээ олон.
Тиймээс дундаж давхаргыг дэмжих хамгийн шударга, бодит шийдэл нь иргэдийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх биш, харин тэр орлогыг иргэдийн гар дээр үлдээх явдал юм. Сангийн яамны мэдээллээр, нэг сая орчим дундаж цалинтай иргэн тогтмол татвар төлж, нийт хувь хүний орлогын албан татварын 80 гаруй хувийг бүрдүүлж байна. Энэ нь ХХОАТ-ыг өндөр орлоготой хүн бүрдүүлдэг гэх ойлголт ташаа гэдгийг харуулж байгаа юм. Иргэддээ өгсөн амлалтаа биелүүлж, дундаж давхаргаа бодитоор дэмжихийн тулд УИХ-ын гишүүд энэ хуулийн төслийг дэмжих үүрэгтэй гэв.
Сэтгэгдэл үлдээх